"Баянгол" зочид буудалд хийсэн нэгжлэгийн дүнг танилцуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвд өнөөдөр ЦЕГ-ын холбогдох албан тушаалтнууд УИХ-ын гишүүн Х.Баттулгын эзэмшлийн "Баянгол" зочид буудалд хийсэн нэгжлэгийн дүнг танилцууллаа.
"Баянгол" зочид буудалд үйл ажиллагаа явуулдаг "Баялгийн хувь", "Түмэн хишигтэн" гэх хоёр компанид энэ сарын 11-ны өдөр санхүүгийн шалгалт хийхэд УИХ-ын гишүүн Х.Баттулга уг хоёр компаниас хувь эзэмшдэггүй болох нь тогтоогджээ. Харин хуулийн байгууллагад саатуулагдан шалгагдаж буй түүний туслахуудыг шалгах ажил үргэлжилж байгаа гэв.
Тусгай ажиллагааны газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Алтанбагана “Тусгай ажиллагааны газрын дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан учраас тусгай ажиллагаа явуулах дүрмийн дагуу үүрэг гүйцэтгэсэн” гэв.Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Б.Оргил, Тусгай ажиллагааны газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Алтанбагана, Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү нар оролцсон мэдээллээс үзвэл нэр дурдагдсан хоёр компанид УИХ-ын гишүүн Х.Баттулга хувь эзэмшдэг болох нь тогтоогдоогүй ч шалгалтын явцад эдгээр аж ахуйн нэгжийн захирал, нягтлан бодогчийн нэрээр эх үүсвэр нь тодорхойгүй 10 гаруй тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн нь тогтоогдсоныг үгүйсгэсэнгүй. Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү нэгжлэг хийхдээ прокурорын зөвшөөрлөө танилцуулж, шалгалтын ажиллагаанд саад хийхгүй байхыг аж ахуйн нэгж, байгууллагынханд сануулсан. Гэвч шалгалтын ажиллагаанд хөндлөнгөөс санаатайгаар саад учруулсан учраас тусгай албаныхныг дуудахаас аргагүй нөхцөл байдал үүссэн. Энэ ч үүднээс Тусгай ажиллагааны дүрмийн дагуу, хуулийн хүрээнд ажилласан. Харин санаатайгаар саад хийсэн нэр бүхий хүмүүсийг хуулийн дагуу шалгана гэдгийг мэдэгдлээ.
Ж.Батсайхан