Үүргээ биелүүлж явсан цагдааг буудан хөнөөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-25 12:59:39

Өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 23-ны өдөр цагдаагийн алба хаагчийн аминд хүрсэн ноцтой хэрэг Өвөрхангай аймагт гарчээ. Уг хэргийг ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүүгээс тодрууллаа.

Өвөрхангай аймгийн  Есөнзүйл суманд албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээд буудаж хөнөөсөн хэрэг гарсан байна. Тус сумын цагдаагийн хэлтэст гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэнээс ирсэн дуудлагын дагуу тухайн айлд очжээ.  Гэтэл хохирогчийн нөхөр нь цагдаагийн алба хаагчийг буудаж хөнөөгөөд, дараа нь өөрийнхөө аминд хүрсэн байна.

Үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн цагдаа нь цагдаагийн дэд ахлагч цолтой, Ц.Буянжаргал юм. Тэрбээр 1994 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрж 2012 онд ерөнхий боловсролын сургууль, 2013 онд ХСИС төгсгөн  ажлын гараагаа эхэлж 2014 он хүртэл аймгитйнхаа Өлзийт суманд цагдаа, 2014- 2016 он хүртэл Монголбанкинд гэрээт цагдаагаар ажиллаж байгаад энэ оны гуравдугаар сараас Есөнзүйл сумын цагдаагаар ажиллаж байсан байна. Түүнийг ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэнд гүнээ харамсаж ЦЕГ-т эмгэнэлийн булан нээж, гашуудлыг нь ар гэрийнхэнтэй тайлж, дэмжлэг туслалцаа үзүүлж байна гэсэн мэдээллийг Б.Баатархүү өглөө.

Ж.Батсайхан

相关新闻