Шүүхийн шинэчлэлийн үнэлгээг германы мэргэжилтнүүд хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-25 13:25:19

 Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлсэн шүүх эрх мэдлийн шинэтгэл хэрэгжиж эхлээд гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Өнгөрсөн хугацааны шинэтгэлийг дотооддоо олонтаа ярьсан ч гадаадын үнэлгээг хөндлөнгөөс анх удаа хийлгэсэн тухай өнөөдөр ШЕЗ-ийн байранд сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ахлах референт С.Билгүүн  ярихдаа, "Өнгөрсөн гуравдугаар сард Монгол Улсын шүүх эрх мэдлийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал, шүүхийн үйлчилгээний хүртээмж, бүтээмж, үр нөлөө зэрэг асуудлаар ХБНГУ-ын "Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)”-ийн мэргэшсэн экспертүүд "Шүүхийн цогц зураглал” үнэлгээ буюу олон улсад "Judicial Integrity Scan" гэж нэрлэдэг хөндлөнгийн үнэлгээ хийгээд буцсан. Энэхүү хөндлөнгийн үнэлгээг одоогоор 4 оронд хийсэн байна. Монгол Улс бол 5 дахь орон болж байгаа юм. Шүүхийн шинэтгэл хийж байгаа 20 гаруй улс орон дэлхийд байгаа. Монголын шүүхийн хувьд анх удаа ийнхүү гадаадын нэр хүнд бүхий байгууллагаар цогц, хөндлөнгийн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээ хийлгэсэн" гэв.  ХБНГУ-ын хуулийн доктор, мэргэжилтэн Лютер Яан, Гуиндо Кирххофф нарын хийсэн энэ үнэлгээний дүн ирэх сарын эхээр гарах юм. Олон улсын экспертүүдийн хийсэн хөндлөнгийн ийм үнэлгээ нь шүүх шинэчлэгдсэн, шинэчлэгдээгүй, үр дүн гарсан, гараагүй зэрэг маргааныг нэг тийш нь шийдэхэд тус болох аж. Мөн  цаашид шүүхийг  хэрхэн шинэчлэх талаарх чухал зөвлөмж гарна гэдгийг  С.Билгүүн онцлов.

Ж.Батсайхан

相关新闻