Цагдаагийн эргүүлд нисдэг камер ашиглаж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-25 15:48:50

Цагдаагийн албанд анх удаа аливаа биетийг дагаж нисэх чадвартай “DJI Phantom 4” маркийн 12 мегапикселиер зураг авах болон чанартай бичлэг хийдэг ухаалаг нисдэг камерыг ашиглаж эхэлсэн байна.

Уг нисдэг камерийг Сонгинохайрхан дүүргийн  нутаг дэвсгэрт туршилтаар ашиглаж эхэлжээ. Ухаалаг нисдэг камерыг СХД-ын нутаг дэвсгэрт агаарын хөдөлгөөнт эргүүлийн зорилгоор ашиглаж байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан хэв журмын эргүүл шалгалт хийх нь гэмт хэргийн гаралтыг бууруулах, шуурхай байдал хангахад чухал үр дүнтэй юм. Мөн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн төв байрны стандарт шаардлага, алба хаагчийн аюулгүй байдлыг хангах хамтын ажиллагааны хүрээнд дүүргийн иргэдийн хурлаас 27 камер, 35 дохиолол бүхий камерын хяналтын системээр бүрэн тоноглох хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэсэн байна.

Ж.Батсайхан

相关新闻