Б.Булганыг хорьж буй хорих ангид УЕПГ-аас шалгалт хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-28 16:32:20

Улсын Ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Б.Булганы хоригдож байгаа нөхцөл байдалтай танилцаж шалгалт хийсэн дүнгийн талаар УЕПГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хяналтын прокурор Ц.Өлзийжаргал албан ёсны мэдээлэл өглөө.

Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар Б.Булганыг Төв аймгийн цагдан хориход байхад нь эргэж очоод түүний эрхийг ноцтой зөрчиж байна гэсэн мэдээллийн дагуу Улсын Ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Б.Булганы хоригдож байгаа нөхцөл байдалтай танилцаж шалгасан юм. Шалгалтаар УИХ-ын гишүүдийн мэдээлэлд дурдагдсан "Б.Булганы хоригдож байгаа өрөөний гэрэл тод бусад өрөөнийх бүдэг..." гэсэн нь үндэслэлгүй байсан ба тус байрны хорих бүх өрөөний гэрэлтүүлэг жигд түвшинд суурилагдсан байна. Харин хорих өрөөний бие засах хэсэг үүдэндээ ил байрласан нь эмэгтэй хүний эрхэмсэг байдлыг алдагдуулж, залхаан цээрлүүлж байгаа тал ажиглагдаж байна гэсэн мэдээллийн дагуу шалгалт хийхэд сантехникийн холболтоос шалтгаалаад ганц Булганы өрөө биш бусад найман өрөөний бие засах хэсэг нь үүдэндээ байрлалтай байсан тул далдлах хаалт хийлгэжээ. Түүнчлэн Б.Булган нь гэрээсээ илгээмжээр ирүүлсэн номыг уншиж байгаа боловч бичгийн цаас, бал оруулаагүй, хорих өрөөний эсрэг талын цонхыг хөшгөөр байнга хаалттай байлгасан гэсэн мэдээллүүд нь үндэслэлтэй байсан тул бичгийн цаас, бал өгөх, хөшгийг татуулж, цонхыг нээлгэх зэрэг арга хэмжээг авчээ. Эдгээр зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар ШШГЕГ-т Прокурорын шаардлага бичиж хүргүүлсэн байна. Мөн Хууль зүйн сайдын тушаалаар баталсан "Хорих байрны дотоод журам"-ыг зөрчсөн зөрчил байх тул зөрчлийг арилгуулах, давтан гаргахгүй байх, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар ШШГЕГ-т Прокурорын шаардлага бичиж хүргүүлснээ ч Улсын Ерөнхий Прокурорын Газрын ажилтан ийнхүү албан ёсоор мэдэгдлээ.

Ж.Батсайхан

相关新闻