"Сэрсэн тал"-ыг МИАТ-ын агаарын хөлөгт сонсоно

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-05-12 10:52:40

Монголын хөх тэнгэрийн сүүн замын эзэд, үндэсний цорын ганц агаарын тээвэрлэгч МИАТ компанийн хамт олон 60 жилийн ойн баяраа угтан үйлчлүүлэгчдэдээ Үндэсний хөгжмийн зохиолчдын бүтээлээр бэлэг барихаар болов. 

Энэ удаад төрийн соёрхолт, Монгол Улсын УГЗ, Чингис хаан одонт хөгжмийн зохиолч Б.Шаравтай ярилцлаа.

-Таны хөгжмийн зохиолууд агаарын хөлөгт эгшиглэж эхэлж байгаа гэл үү?

-Тийм ээ. Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд МИАТ компани үндэснийхээ соёл урлагийг дэмжих бодлогыг хэрэгжүүлж байгаа юм байна. Энэ бодлогын хүрээнд Монголынхоо уран бүтээлчдийн бүтээлүүдийг хөлгийнхөө бүхээгт байрлуулж, зорчигчдод хүргэж байгаад нь их баяртай байгаа. Миний “Гэрэгэ”, “Сэрсэн тал” CD-д багтсан, сонсогчдын эчнээ танил болсон бүтээлүүд МИАТ компанийн агаарын хөлөгт  эгшиглэнэ. Мөн одоогоос 10 гаруй жилийн өмнө тоглосон “Аялгуунд шингэсэн сэтгэл минь” тоглолтын DVD ч орсон байна. Энэ бол их завшаантай хэрэг. Уран бүтээлч бидэнд ийм боломж олгосон МИАТ компанийнханд баярлаж байна.

-Таны зохиосон “Сэрсэн тал” хөгжмийг сонсохоор Монгол хүн бүрт өөрийн эрхгүй л эх орон, монголынхоо тал нутгаараа омогших сэтгэгдэл төрдөг. Манайхыг зорьж ирж байгаа зочид төлөөлөгчдөд таны аялгуунууд Монголын уламжлал, байгалийн сайхныг мэдрүүлэх байх. Нөгөө талд монголын соёл урлагыг таниулах, сурталчлахад үнэтэй хувь нэмэр болох болов уу?

-Монголчууд хөгжмийн урлагийн маш өндөр мэдрэмжтэй ард түмэн. Уртын дууг сонссон гадаадын ямар ч хүн монголын байгаль, монгол хүмүүсийн амьдрал ахуйг бүрэн ойлгож мэдрэх боломжтой. “Сэрсэн тал”-ын хувьд одоогоос 30 гаруй жилийн өмнө зохиосон. Тэр цагаас эхлээд л маш их тоглогдох болсон. “Сэрсэн тал”-ыг тоглодоггүй найрал, цөөхүүл хөгжим гэж монголд бараг л байдаггүй. Үндэсний, үлээвэр, симфони найрал хөгжмийн хамтлагууд бүгд л тоглоно. ҮДБЭЧ-ын төрийн их найрал хөгжим гэхэд л урын сангийнхаа бүтээлүүдээс “Сэрсэн тал”-ыг л хамгийн олон удаа тоглосон байдаг. Морин хуурын чуулга НҮБ, ЮНЕСКО-гийн их танхим, Москвагийн их театрын тайзнаас эхлээд дэлхийн олон оронд тоглосон доо. “Сэрсэн тал”-ыг маань газарт урлагийн тайзан дээрээс сонсдог байсан сонсогчид одоо тэнгэрт сонсох боломжтой боллоо. Энэ бол гайхамшиг л даа.

-Сүүлийн үед та ямар уран бүтээл дээр ажиллаж байна. Таныг удахгүй тоглолтоо хийх гэж байгаа тухай сонслоо?

- Миний хувьд он гарсаар DVD, CD хэвлүүллээ. Одоогоос 4 жилийн өмнө хийсэн “Аав ээж хоёр минь” концертын дууны тоглолтын бичлэгийг DVD болголоо. Нөгөө нь Морин хуурын чуулгатай хамтарч гаргасан “Сэрсэн тал” CD маань зарагдаж дууссан байсныг дахин хэвлүүллээ. Үүнийхээ нээлт болгож “Тэнгэрийн орон” хэмээх тоглолтыг зохион байгуулах гэж байна. Энэ бол миний дууны шилдэг бүтээлүүд, монголын дууны урлагийн шилдэг уран бүтээлчид оролцож байгаагаараа онцлогтой. Зохион байгуулалтыг Хэнтий аймгийн нутгийн зөвлөл, Жаргалтхаан сумын ЗДТГ, нутгийн дүү нар надад хүндэтгэл үзүүлэх үүднээс хамтран зохион байгуулж байгаа юм. Миний уран бүтээлийг дуулдаг Ардын жүжигчин А.Долгор, МУГЖ Г.Эрдэнэбат, Ц.Түвшинтөгсөөс эхлээд өнөөгийн манай дуурийн театрын залуучууд тухайлбал, П.Чайковскийн, Доминго, Кардифийн уралдааны шагналт УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Э.Амартүвшин, М.Глинкийн нэрэмжит уралдааны шагналт гоцлол дуучин МУГЖ Ө.Уянга, Ч.Энхтайван, Э.Анхбаяр, Б.Гомбо-Очир, СТА О.Хүрэлбаатар, гоцлол дуучин СТА Б.Эрдэнэтуяа, Э.Төрмандах, залуу дуучин Б.Энхнаран, Б.Батжаргал,  рок попын томчууд МУГЖ Б.Сарантуяа, Т.Ариунаа, Чингис хааны Д.Жаргалсайхан, Харангын Х.Лхагвасүрэн, СТА С.Наран, “Voice of Mongolia”, “Uvertura” хамтлаг гээд нэг үгээр хэлбэл өнөө цагийн дууны урлагийн өнгийг тодорхойлдог шилдэг сайн уран бүтээлчид бүгд оролцоно. Мөн үндэсний их найрал хөгжим, Улсын филармонийн симфони найрал, УДБЭТ-ын найрал дуучид оролцоно.

-Энэ тоглолтод таны шинэ бүтээлүүд багтаж  байгаа юу?

-Тэгэлгүй яахав. Анх удаа дуулах гэж байгаа олон бүтээл бий. Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгэнд бичсэн дууг маань поп Т.Ариунаа, “Монгол түмнийг тэнгэр ивээг”, “Сайхан монгол орон” найрал дууны бүтээлийг УДБЭТ-ын найрал дуучид, МУГЖ Э.Амартүвшин “Уулсын хаан Мөнххайрхан”, дуучин СТА Э.Төрмандах “Тодорсоор угтах нутаг” зэрэг хэд хэдэн шинэ бүтээлийг анх удаагаа дуулна. Гэхдээ та бүхний мэддэг “Аав ээж хоёр минь”, “Монголын тал нутаг”, “Хайрхан уулын бараа” оролгүй яах вэ. Миний хуучин дуунуудыг шинэ залуу дуучид дуулна.

-Сэрсэн тал хөгжмийг аливаа нэг зүйлтэй зүйрлэ гэвэл та юутай зүйрлэх вэ?

-Нэрнээсээ л шууд ойлгогдож байгаа биз дээ. Би бол монголын хөдөө нутаг сэрж байгаагаар л төсөөлж бодож бичсэн. Одоо бол монгол хүний сэтгэлгээний хурд, наадмын өглөө их талд уралдаж яваа хүлэг морьдтой л зүйрлэе дээ. Монголчууд үлгэр домогтоо морийг нисдэг жигүүрт хүлэг болгон дүрсэлдэг. Иймээс “Сэрсэн тал” агаарын хөлөгт эшиглэх болсонд их баярлаж, бэлгэшээж байна.

 

相关新闻