Хэрэглэгч орноос үйлдвэрлэгч болох зорилт дэвшүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГНийгэм-эдийн засгийн хүрээнд инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээ, дэвшилтэт технологи,үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор “Монголын инновацийн 7 хоног” арга хэмжээг энэ сарын 9-15-ныг хүртэл зохион байгуулж буй юм.
Эл арга хэмжээг Аж үйлдвэрийн яам, БСШУЯ, ШУТИС, НЗДТГ, “Мэдээлэл технологийн үндэсний парк”, “Монголын инновацийн холбоо”, МҮХАҮТ, “Монголын технологийн холбоо” хамтран зохион байгуулж байна.
Монгол Улсын нийгэм-эдийн засгийн бүхий л хүрээнд инновацийн талаарх ойлголт, мэдлэгийг түгээж төлөвшүүлэх, улс оронд мэдлэгийн эдийн засгийн хөгжүүлэх, хэрэглэгч орноос- үйлдвэрлэгч болох зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэжээ. Энэ жилийн арга хэмжээ ногоон хөгжил, инноваци, технологид чиглэж буйг албаныхан хэллээ. Түүнчлэн дээрх арга хэмжээний хүрээнд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний загвар дизайныг сайжруулан, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх үүднээс гадаад, дотоодын дизайнеруудын семинар-мастер класс зохион байгуулах аж.
Манай орны хувьд сургалт-судалгаа-үйлдвэрлэлийг уялдуулах, шинжлэх ухаан технологийн дэвшлийг нэвтрүүлж, инновацийн үйл ажиллагааг эрчимжүүлэх нь чухал гэдгийг эрдэмтэд онцолж байна.
Б.Заяа