Бээжингийн Хориотой хотод Монгол, Хятадын зураачид үзэсгэлэнгээ гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2015-09-25 18:30:38

Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагааны хүрээнд цуврал үзэсгэлэнг  ирэх сарын 20-ноос Бээжин хотын хааны ордны Тиа миу галерейд зохион байгуулна.

Энэ талаар Уран зургийн галерейн захирал Н.Батбаатараас тодрууллаа.

-Монголын Уран зургийн галерей гадаад харилцаагаа хэрхэн өргөжүүлж байна вэ?

-Өнгөрсөн онд Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд "Дуньхуаны сувдыг түүхүй" үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерейд зохион байгуулсан. Энэ үеэр манай галерейн зүгээс хятадын Уран зургийн академийн удирдлага, Хөх хотын даргатай харилцан зөвлөлдөж хоёр орны соёл урлагийг танин мэдүүлэх, туршлага олилцох, Монгол зураачдыг Азийн урлагийн салбарт таниулах зорилгоор 2 жил тутамд харилцан айлчилж “Уран бүтээлийн аян” үзэсгэлэнг гаргаж байхаар тохиролцсон юм.Үүний дагуу  хоёр орны уран бүтээлчдийн “Тал нутгийн аялгуу” үзэсгэлэнг ирэх сард Бээжингийн Тяньминий талбайн ард байрлах Хориотой хотод зохион байгуулах гэж байна. Энэхүү Тиа миу галерей нь хуучны сүмийг орчин үеийн галерей болгож тохижуулсан.  Бээжинд маш их жуулчид ирдэг учраас Монголыг сурталчилж буй том арга хэмжээ болно.

-Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог юу вэ?

-Өмнөх жилүүдэд Хятад-Монголын зураачдын үзэсгэлэн гарч байсан. Бээжингийн цохилох зүрх нь Тяньмин. Түүний Хориотой хотод энэ үзэсгэлэн гарч байгаа нь  аялал жуулчлал, олны анхаарлыг татах боломжтой. Үзэсэглэнгийн нээлтэд үндэсний хөгжим, хөөмэй, уртын дуу эгшиглэнэ. Бээжин ойрхон учраас Монголчуудыг очиж үзээсэй, Монголын болон Хятадын дүрслэх урлагийг харьцуулан үзэгчдийн зүгээс хараасай гэж бодож байна.

-Нийт хичнээн зураач оролцох вэ?

-Үзэсгэлэнд хоёр улсын нийт 40 уран бүтээлч үндэснийхээ ахуй амьдрал, хөгжил дэвшил, зан заншил, чөлөөт сэтгэлгээний 6 төрлөөр 160 орчим бүтээл дэлгэнэ. Харин энэ үзэсгэлэн ирэх 12 дугаар сарын 1-нээс Монголын Уран зургийн галерейд гарах юм. Хятадын уран бүтээлчид гүйцэтгэлийн өндөр чадвартай, манай уран бүтээлчид чөлөөт сэтгэлгээ илүү давамгайлсан байдаг. Энэ үзэсгэлэнгээр дамжуулан маш олон хүн Монголын талаар эерэг ойлголттой болно. БСШУЯ-наас хэрэгжүүлж буй бүтээлч үйлдвэрлэл болон Монголын уран бүтээлчид дэлхийн зах зээлд гарах бодлоготой бодитойгоор уялдаж байгаа гэж хэлж болно. Мөн хоёр орны Дүрслэх урлагийн салбарыг шинэ шатанд ахиулах, дэлхий нийтийн анхааралд Монголын талаар эерэг хандлага бий болгох, цаашлаад аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдаар дамжуулан Монголын Дүрслэх урлагийн салбарыг дэлхийд сурталчлах, жуулчдын тоог нэмэгдүүлэхэд түлхэц болох юм.

-Үзэсгэлэнд оролцох зураачдыг нэрлэвэл?

-Монголдоо нэртэй, олон улсад танигдсан зураачид байгаа. Тухайлбал, Төрийн  соёрхолт, СГЗ зураач Ш.Чимидорж, СГЗ Л.Бумандорж, график зургаар СГЗ Д.Гунгаа, Германд алдартай зураач Д.Бадам, “Blue Moon” галерейн захирал, зураач З.Уянга, Төрийн соёрхолт, уран барималч Л.Ганхуяг, дунд үеийнхнээс Монгол зургийн Т.Нурмаажав, гэхчлэн. Мөн Хятадын талаас Бээжингийн Урлагийн академийн захирал Пан Диан ахалж оролцоно. Энэ хүн хятадад төдийгүй дэлхийд маш их нэр хүндтэй уран бүтээлч юм.

-Үзэсгэлэн хэд хоног үргэлжлэх вэ?

-Ирэх сарын 20-ноос 11 дүгээр сарын 4-нийг хүртэл нийт 15 хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд зураачид Хятадын эртний Датун хотоор аялан хуучны сүм, энгийн аж амьдралыг талаар судалбар зураг зурна. Хятадын амьдрал, Датун хотын талаарх зургуудаар 2016 онд Бээжин хотод үзэсгэлэн гаргана. Өнгөрсөн долдугаар сард Хятадын төлөөлөгчид Монголд ирсэн. Хоёр орны найм, найман зураач Хэнтий аймгийн Хар зүрхний Хөх нуур, Тэрэлжид аялан хээрийн судалбар хийсэн байгаа. Энэ зургуудаар Бээжинд үзэсгэлэн гаргана. Мөн 10 сарын 25-наас 11 дүгээр сарын 24-ныг хүртэл Хятадын Сиань хотод Монголын 6 уран бүтээлч үзэсгэлэнгээ гаргана. Мөн Хөх хотод зохион байгуулах Монгол, БНХАУ, ОХУ-ын залуу уран бүтээлчдийн үзэсгэлэнгээс тэдний чадал чансааг харж болно.

-Зураачдын зардал мөнгийг хэрхэн шийдэж байна?

-Ерөнхийдөө дэмжлэг алга байна. Галерей дангаараа даахад хүнд. Уран зураг сонирхдог хүмүүстэй хамтарч ажиллахаар ярилцаж байна. Монголчууд дүрслэх урлагийн өндөр мэдрэмжтэй улсууд. Манай Ерөнхийлөгчөөс эхлээд маш олон хүн уран зураг сонирхдог. Тиймээс төр засаг, урлагт элэгтэй байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс дүрслэх урлагийн салбарт бодитойгоор хөрөнгө оруулалт хийгээсэй гэж хүсч байна. Үүгээр дамжуулан ирэх жил болох АСЕМ-ын чуулга уулзалтын үеэр гарах үзэсгэлэнг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хийж байна. Хятадын зах зээл том учраас Монголын дүрслэх урлагийн талаар тодорхой ойлголттой болно гэдэгт итгэлтэй байна.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

相关新闻
注释