2015 оны шилдэг уран бүтээлчдийг шалгарууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-05-25 16:04:33

Монгол улсын нэрийг өндөрт өргөсөн болон 2015 онд шилдэг уран бүтээлээр үзэгч олноо байлдан дагуулсан "Оны шилдэг уран бүтээлч"-ийг шалгаруулж "Мөнгөн мод" цом, мөнгөн шагнал гардуулах  ёслол УДБЭТ-т өнөөдөр боллоо.

Энэхүү оны шилдэг уран бүтээлч шалгаруулах журмыг Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор баталсан бөгөөд энэ жил 8 дахь жилдээ удаагаа болж байна. Шалгаруулалтыг тайз, дэлгэцийн найруулагч, тайз, дэлгэцийн зураач, тайз дэлгэцийн жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчин, биет бус соёлын өвийг өвлөн уламжлуулагч гэсэн 7-н төрлөөр шалгаруулдаг.

Энэ удаагийн "Мөнгөн мод" цомын эзнээр “Босуул” түүхэн уран сайхны кино, “Lovers” уран сайхны киног мэргэжлийн өндөр түвшинд найруулан тавьж, үзэгч олны хүртээл болгосон найруулагч Ж.Сэнгэдоржийг “Оны шилдэг тайз, дэлгэцийн найруулагч”-аар, П.Бадарч, Д.Төрбат нарын “Оройн дээд” үндэсний дуулалт жүжиг, ҮДБЭЧ-ын “Мөнх тэнгэрийн Монгол” концертын тайз, зураг, чимэглэлийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээсний учир ҮДБЭЧ-ын ерөнхий найруулагч Г.Ганболдыг “Оны шилдэг тайз, дэлгэцийн зураач”-аар, Францын нэрт найруулагч Жан Жак Анногийн “Чонон сүлд” уран сайхны киноны Галсмаагийн дүрийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээсний учир жүжигчин Р.Анхнямыг “Оны шилдэг  тайз, дэлгэцийн жүжигчин”-ээр тус тус тодруулав.

Монгол Улсын нэрийг өндөрт өргөсөн дуурийн дуучин Г.Ариунбаатар “Оны шилдэг дуучин”-аар шалгарсан бол АНУ-ын олон улсын залуучуудын оркестрт сонгогдон Карнеги Холлд болсон тоглолт, НҮБ-ын Ерөнхий ассамблейн олон улсын залуучуудын оркестрын  “Энх тайвны төлөө” тоглолтод амжилттай оролцож, “Дөрвөн улирал” бие даасан тоглолтоо мэргэжлийн өндөр түвшинд тоглож үзэгч түмний хүртээл болгосны учир Улсын Филармоний хөгжимчин Х.Санчирыг “Оны шилдэг хөгжимчин”-өөр шалгарлаа.

2015 онд ДБЭТ-ын тайзнаа П.И.Чайковскийн “Шелкунчик” балетын Маша, “Франческа да Римини” балетын Франческа, “Хунт нуур” балетын Одетта, Оделлия, Б.Асафьевийн “Бахчисарайн оргилолт булаг” балетын Мария, И.Штраусын “Оргилуун дарс” балетын гол дүрийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээж, түмний хүртээл болгосны учир ДБЭТ-ын балетийн жүжигчин Д.Саруулыг “Оны шилдэг бүжигчин”-ээр тус тус шалгаруулсан байна.

Мөн монгол үндэстний уртын дууг судлан сурталчлах зорилгоор уртын дууны сургалтыг тогтмол зохион байгуулан 2500 гаруй хүнд зааж сурган, уртын дууг түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж Улаанбаатар чуулгын уртын дуучин Б.Батболдыг 2015 оны “Оны шилдэг соёлын биет бус өвийг өвлөн уламжлуулагч”-аар тус тус шалгаруулж, “Мөнгөн мод” цом, 3 сая төгрөгийн батламж гардууллаа хэмээн БСШУЯ-ны Хэвлэл мэдээлийн албанаас мэдээллээ.

相关新闻