“Хүнсний илгээмж" аян өрнөж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой комисс, ЗДТГ-ын санаачилгаар “Хүнсний илгээмж" аян өрнөж эхэллээ.
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, хатуу хорионы дэглэмийн улмаас өвлийн идшээ бэлтгэсэн аймгийн төв, Улаанбаатар хотод хүргэж чадахгүй байгаа нутгийн иргэддээ дэмжлэг үзүүлэх, Улаанбаатар дахь хүргэлтийн үйлчилгээг зохион байгуулах зорилгоор энэхүү аяныг өрнүүлж байгаа ажээ.
Тус аяныг өрнүүлснээр Улаанбаатар хот дахь иргэд оюутнуудыг хоол хүнсээр хангах, Алтай хотын иргэдийн хүнсний нөөцийг бүрдүүлэх ач холбогдол, үр дүнтэй ажил болно хэмээн Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар онцлон танилцууллаа. Аян 11 дүгээр сарын 20-30-ны хооронд өрнөх бөгөөд сумдын Засаг дарга нар хариуцан зохион байгуулалттай хийх юм. Өөрөөр хэлбэл сумдын удирдлагууд бэлтгэсэн махыг сумын төв дээр 11 дүгээр сарын 24-ний өдөр бэлэн байлгаж 25-ны өдөр Алтай хот руу тухайн сум хариуцан тээвэрлэлтийг хийснээр Улаанбаатар хот руу нэгдсэн журмаар тээвэрлэх аж . Сумаас аймаг, аймгаас Улаанбаатар хот орох зардлыг мах илгээж буй болон хүлээн авагч иргэн хариуцах юм байна.