Монголын Үндэсний музейн сан хөмрөгөөс: Азарган дөш

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2020-12-04 09:37:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ удаад XVII-XVIII зууны үед холбогдох Өндөр гэгээн Занабазарын “Азарган дөш” үзмэрийг  толилуулж байна.


Материал: алт шармал, ган Хэмжээ: Өндөр 11 см, урт 16 см, өргөн 11 см, жин 8,650 гр. Монгол оронд бурхны шашин дэлгэрсэн хожуу дэлгэрэлтийн үе буюу XVII-ХХ зууны эхэн үед бурхны шашны эд хэрэглэгдэхүүн бүтээх урлал дэлгэрэн хөгжжээ.

Тухайлбал, хүрэл цутгуур, баримал, сийлбэр, торгон зургийн төрлүүд юм. Тэдгээрээс хүрэл цутгуурын урлал тэргүүлэх аястай хөгжсөн нь Өндөр гэгээн Занабазартай салшгүй холбоотой. Тэрээр уран баримал, цутгуурын урлагийн төрөлд өөрийн дэг суурийг бий болгон өвлүүлэн үлдээсэн бөгөөд түүний гайхамшигт мутрын бүтээлүүд нь эдүгээ Монголын сүм хийд, музей болон хувь цуглуулагч нарт уламжлагдан хадгалагдаж байгаа билээ. Монголын Үндэсний музейн XVII-XХ зууны үеийн Монгол орон танхимд дархан урлалын гол тулга болох алтан шармал “Азарган” хэмээх ган дөш үзмэр нь  байдаг.

Энэхүү дөш нь ган бөгөөд дөрвөн тал болон хүрээ ирмэгийг алт шармал хээ угалзаар чимэглэн урласан уран гоёмсог хийцтэй. Тухайлбал, дөшний дөрвөн талд дүрэлзэн асаж буй гал мэт угалзарсан алт шармал цоолбор хээ, дээд хүрээ ирмэгт бурхан шашны шүтээн урлалд түгээмэл дүрслэгдэх хамар угалз болон бад хээтэй. Тус дөшийг Улсын музейн дэргэдэх үзмэр худалдан авах комиссын 20 дугаар тогтоолоор "1958 оны 10 дугаар сарын 15-нд Булган аймгийн Гурванбулаг сумын III дугаар багийн Р.Равжираас Өндөр гэгээний “Азарган дөш” гэдэг маш сонин ган дөш нэг ширхгийг 100 төгрөгөөр” худалдан авсан" хэмээн тэмдэглэсэн байна.

相关新闻