2020 оны шилдэг хамтарсан багууд шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн 18 сум 2 тосгонд 29 хамтарсан баг, 266 гишүүд ажиллаж байгаа бөгөөд 2020 онд бусдыгаа манлайлан ажилласан шилдэг хамтарсан багууд шалгарлаа.
Гэр бүл, хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрт шатанд илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийг нөхөн сэргээхэд чиглэгдсэн цогц үйлчилгээг анхан шатанд чанар хүртээмжтэй үзүүлэх чиглэлээр хамтарсан багууд үйл ажиллагаагаа явуулдаг ажээ.
Хамтарсан багийн үйл ажиллагааны төлөвлөлт, гишүүдийн уялдаа холбоо, хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнг үнэлж, сайн туршлагыг бусдад түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулсан “Гэр бүл, хүүхдэд ээлтэй хамтарсан баг” шалгаруулалтыг Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас тодруулав.
1-р байрт - Баян-Уул сумын хамтарсан баг
2-р байрт - Цогт сумын хамтарсан баг
3-р байрт - Дэлгэр сумын хамтарсан баг тус тус шалгарсан юм.
Харин хуулиар хүлээсэн үүргээ хариуцлагатай гүйцэтгэсэн 2020 оны “Хамтарсан багийн шилдэг гишүүд” – ээр:
1-р байрт - Э.Нямлхагва /Баян-Уул сумын нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн/
2-р байрт - П.Нямдаваа /Эрдэнэ сумын хамтарсан багийн ахлагчаар ажиллаж байсан/
3-р байрт - С.Уранчимэг /Дэлгэр сумын хамтарсан багийн ахлагчаар ажиллаж байсан/
Тусгай байрт - Д.Мягмар /Төгрөг сумын хэсгийн төлөөлөгч/
Тусгай байрт - Д.Хишигбаяр /Есөнбулаг сумын Жаргалант багийн нийгмийн ажилтан/ нар шалгарлаа.
Хамтарсан багийн бүрэлдэхүүн хүүхэд хамгааллын асуудалтай нягт холбоотой, тухайн сум хорооны салбарын мэргэжилтнүүдээс бүрддэг байна. Үүнд:
1. Засаг дарга
2. Нийгмийн ажилтан
3. Хэсгийн байцаагч
4. Өрхийн эмч
5. Хэсгийн ахлагч
6. Боловсролын нийгмийн ажилтан
7. Олон нийтийн байцаагч
8. Олон нийтийн төлөөлөл
9. Өмгөөлөгч багтдаг ажээ.