Татвараа төлөөгүй жолоочийн бичиг баримтыг хураана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-06-10 14:46:12

Авто тээврийн хэрэгслийн татвар хураалтын хяналтын үзлэг, шалгалтыг зургадугаар сарын 6-ны өдрөөс эхлэн 19-нийг хүртэл хийж байна.

Нийслэлийн Татварын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төв зэрэг  байгууллагын хамтарсан шалгалтаар автомашин эзэмшигч нь тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрөө төлөөгүй бол тээврийн хэрэгсэл болон жолоочийн бичиг баримтыг хураан авна. Хураагдсан бичиг баримтыг өдөрт 1-2 удаа нэг цэгийн үйлчилгээний бичиг баримт хүлээн авч байгаа татварын улсын байцаагчид  жагсаалтаар хүлээлгэн өгч татваруудыг нөхөн хураах аж. Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хураагдсан тээврийн хэрэгслийн бичиг баримтыг Дүнжингарав худалдааны төв дэх Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хураагдсан тээврийн хэрэгслийн бичиг баримтыг Монгол хьюндай автомотив ХХК-ний байранд, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хураагдсан тээврийн хэрэгслийн бичиг баримтыг Мишээл худалдааны төв дэх Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд төвлөрүүлж байна.  Эдгээр Нэг цэгийн үйлчилгээнд ажиллаж буй  татварын улсын байцаагч  тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын тээврийн хэрэгслийн албан тавтар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг төлүүлж, гэрчилгээн дээр бичилт хийн баталгаажуулснаар буцаан олгох юм.

Ж.Батсайхан

相关新闻