Газар тариалангийн зөвлөх үйлчилгээний баг сумдад ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн газар тариалангийн зөвлөх үйлчилгээний баг 13 сум, 2 тосгонд ажиллав.
Тус аймгийн “Газар тариалан, жимс, жимсгэнэ” хөтөлбөрийн ТЭЗҮ боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын баг Дэлгэр, Гуулин, Тайшир, Жаргалан, Дарив, Баян уул, Шарга, Халиун, Бигэр, Чандмань, Цогт, Баянтоорой, Алтай, Бугат, Есөнбулаг суманд газар тариалангийн өнөөгийн байдал, услалтын системийн ашиглалт түүний эзэмшилт, техник тоног төхөөрөмж, ажиллах хүч, хамтын зохион байгуулалт, хэтийн төлвийн суурь судалгааны ажлыг хийжээ.
Орон нутгийн холбогдох албаны төлөөлөл болон Зөвлөх үйлчилгээний багийн ахлагч ХААИС-ийн багш доктор Б.Мөнхбат, доктор Ш.Баранчулуун, доктор Ж.Очир нар сумдад ажиллав.
Энэхүү баг сумдад ажилласнаар тус аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлийн хөгжлийн хоцрогдлыг арилгахын тулд техник технологийн эрс шинэчлэл хийх, услалтын системүүдийн эзэмшлийг орон нутгийн эзэмшилд авах, тариалангийн талбайн эзэмшлийг цэгцлэх, агропаркийн шинэчлэл хийх талаар зөвлөгөө өглөө. Түүнчлэн хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулах, уламжлалт жимс, жимсгэний үйлдвэрлэлийг хуучин тариалж байсан сумдыг түшиглэн сэргээн хөгжүүлэх цаашлаад дэвшилтэт усалгааны аргыг уламжлалт аргатай хослуулан хөгжүүлэх, газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжсэн МАА-тай хослуулах ажлыг эрчимжүүлэх, орон нутагт байгаа нөөцийг ашиглан хөрсийг бордох боломж, ойн зурвас байгуулах, тариалангийн талбайг хашиж хамгаалах зэрэг асуудлаар зөвлөгөө өглөө хэмээн аймгийн ХХААГ-аас мэдээлэв.