Худгаас усыг зөв зохистой авах, хэрэглэх талаар нөлөөллийн ажил өрнүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Ундарга-Алтай” ААТҮГ-аас худгаас усыг зөв зохистой авах, хэрэглэх, хайрлан хамгаалахыг уриалж, түүний үнэ цэнийг ойлгуулан таниулах зорилгоор иргэдэд нөлөөллийн ажил зохион байгуулав.
Тодруулбал, Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Ундарга-Алтай” ААТҮГ, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаатай хамтран гуравдугаар сарын 22-нд Есөнбулаг сумын гэр хорооллын худгаас ус авч буй иргэдэд нөлөөллийн ажил өрнүүлсэн. Усыг худгаас авахдаа хэрхэн зөв зохистой авах, худгийн орчны эрүүл ахуй, усны савны хэрэглээ, чандмань эрдэнэ болсон усаа ариг гамтай хэрэглэх, хайрлан хамгаалах гэх мэт сэдвүүдийн хүрээнд иргэдэд зөвлөмж мэдээлэл хүргэсэн тухай тус газраас мэдээлэв.
Тус газар нь 2019 онд төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай хамтран Есөнбулаг сумын ундны усны худгуудыг бүрэн автоматжуулж 24 цагийн ажиллагаатай болгожээ.
Есөнбулаг сумын Баяншанд багийн иргэн Н.Эрдэнэчимэг:
Худгийг автомат горимтой болгосноор цагийн хязгаарлалтгүй хүссэн үедээ усаа авах боломжтой болсон. Мөн усны хэрэглээгээ хянах, бэлэн мөнгө гар дамжуулах шаардлагагүй, тусгай картаа цэнэглэн усаа авах боловсон хэрэглээг нэврүүлсэнд баяртай байна хэмээн сэтгэдлээ илэрхийлсэн юм.