Сумдын удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөн болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Сумдын удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөн” гуравдугаар сарын 24-25-ны өдрүүдэд Алтай хотноо боллоо.
Говь-Алтай аймгийн ИТХ, ЗДТГ, НҮБ-ын төсөлтэй хамтран “Сумдын удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөн”-ийг зохион байгуулсан бөгөөд сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, Тамгын газрын дарга, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, хууль эрх зүйн мэргэжилтнүүд оролцлоо.
Нэгдсэн эрх зүйн зохицуулалтын хүрээнд орсон өөрчлөлтийн дагуу тэргүүлэх чиглэл, хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний хэлэлцүүлгийг сумдын удирдлагуудад өгөх, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудаас холбогдох мэдээллийг хүргэх зорилгоор энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулжээ.
Сургалтаар “Сумдын шинэчлэл-Хөдөөгийн хөгжил”, “Газар тариалан-жимс жимсгэнэ” төсөл, “Боловсролын чанарыг сайжруулах” хөтөлбөр, Газрын нэгдсэн хаягжуулалт, Гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдал, Гэр бүл хүүхэд залуучуудын чиглэлээр сум орон нутагт зохион байгуулах ажлыг хэлэлцсэн юм. Түүнчлэн орон нутагт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн байгууллагууд энэ онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний танилцуулгыг хийлээ.
Мөн үеэр Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд сумдын Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгуулсан юм.