Зарим сайтын хандалтыг 6 сарын хугацаанд зогсоох санал хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-06-15 11:50:09

ШӨХТГ-аас УИХ-ын сонгуулийн 54 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч П.Анужингийн гомдлыг авч хэлэлцээд нэр бүхий 11 сайтын хандалтыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэх саналыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлэхээр шийдвэрлэжээ. 

П.Анужин нь энэ сарын 6-нд тус газарт “Нэр бүхий цахим мэдээллийн сайтуудад хуурамч мэдээ, мэдээлэл, бичлэг тарааж, хувь хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж байгааг шалгаж өгнө үү” гэсэн гомдлоо гаргасан байна. Үүнд, Grandnews.mn, Zuwluguu.com, Paparatsi.mn, Kaka.mn, Shar.mn, Janjin.net, Goomaral.com, Mnews.mn, Agshin.mn, Choibalsan.mn, Medee.Nuudel.mn зэрэг мэдээллийн сайт багтжээ.

Тэдгээр сайтууд Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйл, 70.1.6-ийн ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн аж. Тиймээс зөрчил гаргасан сайтуудын цахим хуудасны хандалтыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэх санал хүргүүлэхээр болжээ.

Б.Туул

相关新闻