57 постод 135 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан хорио цээрийн дэглэм сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам сахиулах чиглэлээр Говь-Алтай аймгийн 18 сум, 2 тосгоны 57 постод мэргэжлийн анги нэгтгэлүүдийн 135 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Аймгийн онцгой комиссын шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сарын 25-28-нд аймгийн хэмжээнд хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахаар шийдвэрлэсэн. Цаашид ч хязгаарлалтын нөхцөл байдал үргэлжилнэ гэдгийг холбогдох албанаас мэдэгдлээ. Хөдөлгөөний хязгаарлалт тогтоосны дагуу ард иргэдийг сумд болон бусад аймаг руу хөдөлгөөн үйлдэж алба хаагчдад хүндрэл үүсгэхгүй байхыг Цагдаагийн газраас анхаарууллаа.
Олноор цуглахгүй байх, гудамж талбайд нус, цэр, шүлс, хог хаяхгүй байх, өөрийгөө болон бусдыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, дархлаагаа дэмжин гэрээсээ гарахгүй байхыг онцгойлон мэдэгдэв.