ЦЕГ бэлэг, эд зүйл тараасан гомдлыг шалгаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬСонгуулийн сурталчилгаатай холбогдуулан иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Өнгөрөгч тавдугаар сарын 20-ны өдрөөс энэ сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд ирүүлсэн “Сонгуулийн тухай хууль” зөрчсөн болон Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн 604 гомдол, мэдээлэл хүлээн авснаас Улаанбаатар хотод 362, хөдөө орон нутагт 242 бүртгэгджээ. Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойшхи гомдол, мэдээллийн 65 буюу 38 хувь нь сонгуульд нэр дэвшигчийн сурталчилгааны самбар, зурагт хуудас, ухуулах хуудас, бусад сурталчилгааны материалыг санаатайгаар болон хууль бусаар гэмтээх, устгах, бохирдуулсан гэх зөрчлүүд байна. Сурталчилгааны самбар, зурагт хуудас, ухуулах хуудас, бусад сурталчилгааны материалыг санаатай болон хууль бусаар гэмтээх, устгах, бохирдуулсан гэх гомдол мэдээллийнх ихэнх нь эзэн холбогдогчгүй байсан. Гэхдээ гурван удаагийн энэ төрлийн мэдээллийг хүүхдүүд үйлдсэн болохыг тогтоосон. Мөн бэлэг сэлт, эд зүйл тараасан, дайллага, цайллага хийсэн гэх 65 гомдол мэдээллийг шалгаж байна. Цагдаагийн байгууллагад өгсөн дуудлага мэдээллээ буцаах, гэр, майхан барих маргаан гаргах, дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагч очиж шалгахад сурталчилгааны самбартаа санаа зовоод дуудлага өгсөн гэх, нэр дэвшигч болон менежер, ажилтнуудын үйл ажиллагаа хоорондын уялдаа холбоогүйгээс сурталчилгааны самбар, эд зүйлээ алдлаа гэх андуурсан дуудлага мэдээлэл өгөх зэрэг явдал ч гарсаар" байгааг анхааруулав. Цаашид сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даагч нар болон иргэд Сонгуулийн тухай хуулийг судалж хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг Цагдаагийн байгууллагаас санууллаа.
Ж.Батсайхан