Онцгой албаны шинэ албан хаагчид тангараг өргөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-06-20 17:51:57

Монгол Улсад Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага үүсч нэгдсэн тогтолцоонд шилжсэний 13 жилийн ойн түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Онцгой байдлын албаны өдрийг тохиолдуулан өнөөдөр тус албанд шинээр томилогдсон албан хаагчдаар төрийн тусгай албан хаагчийн тангараг өргүүлэх ёслолын ажиллагаа боллоо.

Тангараг өргөх ёслолын ажиллагаанд 127 албан хаагч оролцсон байна. Мөн Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу 2014-2015 оны нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдсан “Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төв, аврах анги"-ийн барилгын нээлт бас болсон юм. 2003 оны зургаадугаар сарын 20-ны энэ өдөр Монгол Улсын Их хурлаас Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлан гаргаснаар орчин цагийн Онцгой байдлын алба байгуулагдах үндэс суурь тавигдсан гэдгийг тангараг өргөх үеэр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал онцоллоо.

Ж.Батсайхан

相关新闻