Б.Сувд: Хүүхэд, залуучуудын ном унших хүсэл, хэрэгцээ их байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор “Оюунлаг Алтайчууд Номын баяр” аравдугаар сарын 30, 31-нд Алтай хотноо боллоо. Энэхүү номын баярыг хамтран зохион байгуулагч, “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн, Ном зүйч Б.Сувдтай уулзаж цөөн хором ярилцлаа.
-Жил бүр Үндэсний номын баярыг танай баг хамт олон зохион байгуулдаг. Энэ удаа Говь-Алтай аймгийг зорин ирж “Оюунлаг Алтайчууд Номын баяр” үйл ажиллагааг зохион байгууллаа. Ямар онцлогтой болж өнгөрөв?
-Говь-Алтай аймагт хоёр хоног ажиллалаа. Энэ удаагийн номын баяр Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор болсон. УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн биеэр “Оюунлаг Алтайчууд Номын баяр”-т хүрэлцэн ирж оролцсоноороо ихээхэн онцлогтой байлаа.
Манай ТББ-аас 30 дахь удаагийн номын баярыг хамтран зохион байгууллаа. Үндэсний номын баярыг энэ жил УИХ-аас нийтээр тэмдэглэх ёстой 15 өдрийн нэг болгон хуульчилж, жил бүрийн 5, 9 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон. Энэхүү хуулийг хөдөө орон нутгийн иргэдэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор мөн нийтээрээ номтой нөхөрлөж, өдөр бүр ном уншдаг болъё гэсэн уриалгыг дэвшүүлэн энэ удаагийн номын баярыг зохион байгуулсандаа баяртай байна. Алс баруун хязгаар Алтай нутагт хоёр хоногийн турш Улаанбаатар хотод трэнд болж байгаа номын үзэсгэлэнг дэлгэснээс гадна утга зохиол, нийгмийн ажилтан, номын санч, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, төрийн байгууллагын зарим албан хаагчдад чиглэсэн олон төрлийн сургалт-уулзалт, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа өрнөснөөрөө онцлогтой болж өндөрлөлөө.
-Алтайчууд хэрхэн хүлээн авав. Иргэдийн оролцоо, хандлага хэр байв?
-Энэ удаагийн үйл ажиллагаа манай баг хамт олны төсөөлж байснаас сайн байлаа. Орон нутагт уншлага хүртээмжтэй байдаггүйг бид мэднэ. Харин Говь-Алтай аймгийн хувьд иргэдийн идэвх оролцоо сайн байсанд баяртай байна. Энэ нь ном унших соёл тогтсон, утга зохиолын суурьтай нутаг учраас сайн байлаа гэж дүгнэж хэлж болох юм. Мөн аймаг орон нутгийн удирдлага, холбогдох байгууллагууд тодруулбал, Соёлын хэлтэс болон манай байгууллагын түншээр ажиллагч МОНЦАМЭ агентлагийнхан мэдээ мэдээллүүдийг олон нийтэд маш сайн түгээж ажиллалаа. Аймгийн зохиолчдын хувьд хамгийн идэвх сайтай байсан. Эв нэгдэлтэй нэг цул болсон хамт олон байдаг нь үйл ажиллагаанд хамрагдаж буй оролцооноос нь илт ажиглагдсан. Бидний зохион байгуулсан сургалт-уулзалт, номын үзэсгэлэн гээд бүгдэд нь идэвх санаачилгатай оролцсонд баярлалаа.
Түүнчлэн энэ удаагийн номын баярт хүүхэд, залуучууд маш идэвхтэй оролцлоо. Тэдний ном унших хүсэл, хэрэгцээ их байна. Гэхдээ хүүхдүүд сургалт-уулзалтад идэвхтэй хамрагдсан ч ном худалдан авах нь төдийлөн сайн биш байна. Мэдээж санхүүгийн хараат байдалтай хамааралтай. Үзэсгэлэн худалдаанд дэлгэсэн номуудыг хараад л баярлаж байгаа нь ажиглагдсан. Улаанбаатар хотод эцэг эхчүүд хүүхдүүдээ номын баярт оролцоод, зохиолчидтой зургаа авахуулах боломж нөхцөл, санхүүгийн эрхийг бүрдүүлээд өгчихдөг. Ингэснээр хүүхэд өөрөө сонгож авсан номоо заавал уншиж дуусгадаг чухал ач холбогдолтой байдаг. Тэгэхээр орон нутагт яг энэ соёлыг хэвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй байгаа нь харагдаж байлаа. Говь-Алтай аймгийн хүүхэд, залуусын авахыг хүссэн ном их байгаа нь ажиглагдсан, дараа жил миний дурдсан сайн жишгийг хэвшүүлээсэй гэж хүсэж байна.
-Номын баярын гол үйл ажиллагаа нь сургалт-уулзалтууд байлаа гэж харлаа. Нийт хэчнээн иргэнийг хамруулав?
-Бидний гол зорилго бол нийгмийг соён гэгээрүүлэх олон төрлийн сургалт-уулзалтуудыг зохион байгуулах байсан. Төлөвлөгөөний дагуу амжилттай өрнүүлж чадсан. Энэхүү үйл ажиллагааг зорин Улаанбаатар хотоос зохиолч, уран бүтээлчид, ном эрхлэн гаргагчид гээд 30 гаруй байгууллагын төлөөлөл нэг баг болон ирлээ. Бид хоёр өдөр ажиллахдаа ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, утга зохиолын салбарын ажилтнууд, төрийн албаны эмэгтэйчүүдэд чиглэсэн сонирхолтой сургалт-уулзалтууд зохион байгуулж, халуун дотно яриа өрнүүлсэн. Сургалтад нийт 300 гаруй хүн хамрагдсан. Дээрх сургалтуудыг ажихад иргэдийн хүсэлт, хэрэгцээ их байгаа нь харагдлаа.
-Номын үзэсгэлэн худалгаа борлуулалтын хувьд хэр байв. Уншигч үйлчлүүлэгчийн худалдан авах чадвар ямар байсан бэ, ямар ном эрэлт ихтэй байв?
-Номын үзэсгэлэн худалдааг ихэвчлэн хүүхэд, залуучууд, ахмад настнууд зорин ирлээ. Эндээс харахад өнөөх л дунд насныхны идэвх оролцоо тааруухан байсан. Аливаа үйл ажиллагаанд энэ насны иргэд маань илүү сайн идэвх санаачилгатай оролцохыг хүсмээр байна.
Ер нь орчин үеийн уншигчдын ном сонгох хандлага хувь хүний хөгжлийн номууд трэнд болж байгаа. Бид Улаанбаатар хотод борлуулалтаараа тэргүүлдэг ном болон хүүхэд залуучуудад зориулсан сэтгэхүйг хөгжүүлэх, сонирхлыг нь татахуйц үлгэр, сургамжит зохиол, олон төрлийн мэдлэгийг багтаасан номуудыг ихэвчлэн авч ирсэн. Аль болох гадаадын гэхээсээ илүү Үндэсний номын баяр учир дотоодын зохиолчдын номуудыг танилцуулахаар үзэсгэлэнд дэлгэсэн гэж хэлж болно. Харин үзэсгэлэн худалдааг сонирхогчдын дийлэнх нь ахлах ангийн сурагчид байлаа. Тэд хувь хүний хөгжлийн номуудыг сонирхож байсан бол эцэг эхчүүд бага насны хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх, үлгэрийн зурагт номуудыг ихэвчлэн худалдан авч байлаа. Ном эрхлэн гаргагчид маань энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд уншигчдадаа зориулан номоо 10-50 хувийн хямралтайгаар борлуулсан. Борлуулалтын хувьд нийт авч ирсэн номынхоо 35-50 хувийг уншигчдын гарт хүргэж чадлаа.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.