Газар тарилангийн иж бүрэн техникүүдийг хүлээн авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Газар тариалан, жимс жимсгэнэ” төсөл арга хэмжээ тусгагдан хэрэгжиж буй билээ. Энэхүү төсөл арга хэмжжээний хүрээнд аймгийн ХХААГ-ын дэргэд “Техник дундын үйлчилгээний бааз” байгуулахаар төлөвлөсөн аж.
Уг ажлын эхлэл болгон өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон аймгийн ОНХС-гийн 505 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар эхний ээлжийн газар тарилангийн трактор бүхий найман иж бүрэн техникийг хүлээн авлаа. Хүлээн авах ажиллагаанд аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар холбогдох албаны төлөөллүүд, сумдын Засаг дарга, газар тариалан эрхлэгчид болон ХААИС-ийн Инженерийн сургуулийн захирал Монгол Улсын зөвлөх инженер Б.Мөнхбат нар оролцлоо. Мөн үеэр аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар техник хэрэгслүүдийг Хөдөө аж ахуйн газарт хүлээлгэн өгсөн юм. Эдгээр техникүүдийг тариаланчдад олгохгүй бөгөөд хэрэгцээтэй сумдад нь очиж үйлчилгээ үзүүлээд буцаагаад бааздаа авч ирэх аж. Ийнхүү бааз байгуулснаар шинээр ажлын байр бий болох чухал ач холбогдолтой. Баазад ажиллах мэргэжлийн инженерүүдийг аймгийн МСҮТ-ийг түшиглэн ХААИС-ийн ангиудыг шинээр нээн бэлтгэж буй тухай аймгийн Засаг даргын зөвлөх Д.Батбилэг танилцууллаа.
Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар: “Газар тариалангийн салбарын хөгжилд чухал ач холбогдолтой тоног төхөөрөмж, тенхик хэрэгслүүд хүлээн авч байгаадаа нийт иргэдийнхээа өмнөөс баяртай байна. Сэтгэлтэй зүтгэлтэй тариалан эрхлэгчид маань хүчин чадал сайтай техник хэрэгсэлтэй байхад газар тариалангийн салбар хөгжинө. Ирэх жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Бугат, Шарга суманд газар тариалангийн иж бүрэн тоног төхөөрөмж олгохоор тусгагдсан” гэлээ.