Засаг дарга О.Амгаланбаатар Цээлийн иргэдтэй уулзаж Алтайн хүдэр ХХК-тай холбогдох асуудлуудлыг хэлэлцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-12-20 18:05:09

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар энэ өдрүүдэд сумдад ажиллаж, иргэдтэй санал бодлоо солилцож байна. Цээл суманд ажиллах үеэрээ иргэд хөдөлмөрчидтэй уулзан “Алтайн хүдэр” ХХК-тай байгуулсан гэрээ, түүнийг тойрсон асуудлуудыг хэлэлцэж тус компанитай байгуулах гэрээнд тэдний эрх ашгийг хамгаалах чиглэлээр тодорхой шаардлагагуудыг тусгасан тухай танилцууллаа. 

Тус сумын нутаг дэвсгэрт 15 жил үйл ажиллагаа явуулахдаа “Алтайн хүдэр” ХХК нь орон нутагтай хамтран ажиллах талаар нутгийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, малчид, иргэдээс удаа дараа ирж буй шаардлага, гомдол, саналыг үл ойшоож, аргацаах байдлаар өдийг хүрсэн төдийгүй 2014 онд байгуулсан гэрээний шаардлагуудын биелэлт хангалтгүй байсан тул  2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар дахин гэрээ байгуулахыг шаардаж, албан бичиг хүргүүлсэн байна. Энэхүү албан бичгийн дагуу тус компаниас ирүүлсэн гэрээний нөхцөлд хүргүүлсэн шаардлагуудыг тодорхой тусгаагүй байгаа тул дахин гэрээний нөхцөл ирүүлэх үүрэг өгөөд буй ажээ.

2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус уурхайн удирдлагуудад хүргүүлсэн шаардлагад: 

-2014 оны гэрээг 2021 оны 12 дугаар сарын 10-ны дотор дүгнэх

-Нийгмийн хариуцлагын гэрээг шинэчлэн байгуулах

-Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгах ажлуудыг үүссэн нөхцөл байдалтай холбон тодотгох 

-2022-2023 онд 163 км замыг бүрэн барьж ашиглалтад оруулах

-Цээл сумыг иж бүрэн дэд бүтцэд холбох

-“Шинэ Цээл” арга хэмжээг дуусгах 

-Алтай сумыг өндөр хүчдэлтэй холбох

Уг шаардлагыг биелүүлээгүй, хамтарч ажиллах талаар тодорхой арга хэмжээ аваагүй тохиолдолд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг үндэслэн дараагийн шатны зохицуулалтыг хэрэгжүүлж, улмаар уурхай ашиглах тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг холбогдох байгууллагад уламжлан, тээвэрлэлт, үйл ажиллагааг зогсоох хүртэлх арга хэмжээ авахыг албан бичигт онцгойлон анхааруулсан байна.


相关新闻