Үер, усны ослоос сэрэмжлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-08-01 16:12:01

Их халалтаас шалтгаалан үер, аянга буух, хүчтэй салхи шуурга болох өндөр эрсдэлтэй байгааг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.

Долдугаар сарын 28-наас эхлэн нийт нутгаар их халалт үргэлжилж, түр зуурын усархаг бороо орсны улмаас нийслэлийн дүүргүүд, хөдөө орон нутагт үер усны аюул учирч, аянга буух, дуу цахилгаантай борооны өмнө хүчтэй салхи шуурга болсон зэргээс иргэд эрүүл мэндээр хохирох, мөн иргэд, аж ахуйн нэгж байгууллага эд хөрөнгийн хохирол амссан тохиолдол цөөнгүй гараад байна. Цаашид энэ сарын 02-ны өдөр баруун аймгуудын нутгаар, 03, 04, 05-ны өдөр баруун, төв, зүүн, говийн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, үер, аянга буух, хүчтэй салхи шуурга болох эрсдэлтэй байгаа аж. 

Тиймээс тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай гүүрээр зорчих, байгууллага хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө амралт, аялал, зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, гол, мөрөн, нуурын эргээс зайдуу газар амрах, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг ОБЕГ-аас анхааруулж байна. 

Н.Туяа

相关新闻