Бизнес эрхлэгч нар цахим системд сайн үнэлгээ өгчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бизнесийн төлөөллийн
байгууллага МҮХАҮТ “Хүнд суртлын индекс”-ийн ээлжит судалгааны дүнг өнөөдөр
танилцууллаа.
Судалгаанд улсын
хэмжээний нийт 750 гаруй ААН-ийг хамруулжээ. Төрийн үйлчилгээний
цахим е-mongolia нэгдсэн системд бизнес эрхлэгчид уламжлалт үйлчилгээнээс илүү
сайн үнэлгээ өгчээ. Тодруулбал, оролцогчдын 41 орчим хувь нь
төрийн үйлчилгээний e-mongolia цахим системийг ашигласан, цахим үйлчилгээ авах
системд 3,46 үнэлгээ өгсөн байна.
Энэ нь төрийн
үйлчилгээний дундаж үнэлгээ 3.01 болж, дэд
үзүүлэлтүүдээс илүү сайн үнэлгээтэй байна. Тиймээс
цаашдаа төрийн үйлчилгээг 100 хувь цахимжуулж, аль болох хүнээс хамааралгүй
болгох нь цаг хугацаа хэмнэнэ гэж
үзжээ.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшингийн танилцуулснаар бизнес эрхлэгч нарын төрийн
байгууллагаас авдаг байсан зөвшөөрөл гурав дахин буурчээ. Энэ нь шинээр батлан гаргасан Зөвшөөрлийн
хуультай холбоотойг тэрбээр тодотголоо. Өмнө нь
нийт 1400 орчим зөвшөөрлийг төрийн ямар нэгэн байгууллагаас авдаг байжээ. Тэрбээр, “Энэ оны
эхний өдрөөс эхлэн төрийн хүнд суртал мэдэгдэхүйц буурна гэж харж байна. Цагийн
хязгаарлалт, онц шаардлагагүй зүйл дээрх олон төрлийн зөвшөөрөл зэргийг
цуцалсан. Төрийн хүнд суртлыг бууруулах нь иргэд, ААН-үүдийн үйл ажиллагаа
явуулах орон зайг дэмжиж байна л гэсэн үг”
гэв.
"Хүнд суртлын индекс"-ийн судалгаа нь Худалдаа, аж үйлдвэрийн Танхимаас 2004
оноос хойш хоёр жил тутам явуулж ирсэн, төрийн
үйлчилгээг хүнд суртлын ерөнхий болон нарийвчилсан дэд
үзүүлэлтээр бизнес эрхлэгчдээр үнэлүүлэн, цаашид анхаарч сайжруулах асуудлыг
тодорхойлдог хэмээн тодотголоо.
Судалгаагаар цар тахлын өмнөх үетэй харьцуулахад төрийн
үйлчилгээний хүнд суртал ихэссэн хэмээн
гарчээ.
Төрийн байгууллага хоорондын уялдаа холбоогүй байдал, төрийн үйлчилгээ авахад
зарцуулж буй цаг хугацаа ихээхэн хүндрэл учруулж байна гэжээ. Хүнд суртлын
индекс 2021 онд 2.72
үнэлгээтэй гарсан, энэ нь бизнес эрхлэгчид 2018 онтой харьцуулахад төрийн
үйлчилгээ авахад хүнд суртал ихэссэн гэж үзжээ.
Төрийн албан хаагчдын ёс зүй, харилцаа хандлагын ерөнхий
үнэлгээ бусад үзүүлэлттэй харьцуулахад сайн, харин төрийн байгууллагын ажлын
уялдаа холбоо муу байна. Мөн нарийвчилсан үнэлгээний үр дүнд үйлчилгээ авахад
зарцуулж буй хугацаа хамгийн хүндрэл үүсгэж байгаа нь тодорхойлогджээ.
Төрийн үйлчилгээний үндсэн дөрвөн төрлөөс зөвшөөрлийн
үйлчилгээ хамгийн бага үнэлгээтэй ба хамгийн их хүнд сурталтай байна. Түүнчлэн
хяналт шалгалт явуулах, худалдан авах ажиллагаанд оролцох зэрэг үйлчилгээ
дунджаас бага үнэлэгдсэн байна.
Бизнес эрхлэгчид төрийн үйлчилгээ авахдаа дунджаар зургаан
бичиг баримт цуглуулж, гурван албан хаагчтай харьцаж, 13 хоног зарцуулж, 360
мянган төгрөгийн албан зардал гаргаж байна. Харин судалгаанд оролцсон бизнес
эрхлэгчдийн 45 хувь нь үйлчилгээ авахдаа албан бус зардал гаргасан ба нэг
үйлчилгээ авахад дунджаар 219 мянган төгрөг төлсөн байна.
Иргэд, ААН-ээс ирсэн гомдлыг бага хувьтай шийдвэрлэж байгаагийн шалтгааны талаар Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын тэргүүн хэлэхдээ, “Эргэх холбоо сул байгаагаас алдаа, зөрчлийн талаарх гомдлын ердөө 8 хувийг шийдвэрлэдэг, 32 хувийг шийдвэрлээгүй буюу албан ёсоор хариу өгөөгүй бол алдаагаа хүлээн зөвшөөрөөгүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл эрх бүхий байгууллага шийдэж хариуг нь өгөхгүй байна. Хэрэв мэдээллийн эргэх холбоо тодорхой байх юм бол иргэдийн гомдол, чирэгдэл харьцангуй багасдаг” хэмээн тайлбарлав.