“Экспо Монголиа-2022”-д долоон орны 45 компани технологио танилцуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Экспо Монголиа-2022” олон улсын үзэсгэлэн “Мишээл экспо”-д эхэллээ. Олон улсын уул уурхай болон бусад салбарын дэвшилтэт, шинэ техник, технологийг нэвтрүүлэх зорилготой уг үйл ажиллагааг 2012 оноос эхлэн манай улсад зохион байгуулж ирсэн юм.
“Хөрөнгө оруулалт ба эдийн
засгийн таатай орчин” уриан дор болж буй
энэ удаагийн үзэсгэлэнд дэлхийн 7 орны 45 компанийн төлөөлөл оролцож тухайн
улсын үйлдвэрүүдийн шинэ бүтээгдэхүүн техник, технологийг дэлгэн танилцуулж
байна.
Зөвхөн үзэсгэлэн танилцуулгаас гадна бага хурал, хэлэлцүүлэг, бизнес эрхлэгчдийн уулзалт болж буйгаар онцлог байгааг экспо-гийн зохион байгуулагч “JV Consult LLC” компанийн гүйцэтгэх захирал Д.Нарангиймаа тодотгож байна.
Монголоос үзэсгэлэнд гадаадын хүнс, барилгын тэргүүлэх компаниудын төлөөлөл болсон ААН-үүд оролцож байна. Тухайлбал, шингэн хүнсний сав баглаа боодлын олон улсын "Кронес” компанийн төлөөлөл оролцож байна.
“Экспо Монголиа-2022”-г манай улсад энэ жил 8 дахь удаагаа зохион байгуулж буй бөгөөд ковидын цар тахлаас үүдэн сүүлийн хоёр жил завсарлаж иржээ. Өмнөх “Экспо Монголиа-2019” үзэсгэлэнгийн үр дүнд Герман улсын Усны академи Хөвсгөл аймгийн Мөрөн хотын захиргаа хамтран Хөвсгөл нуурт усны судалгаа, шинжилгээ, хамгааллын талаар хамтран ажиллаж байна.
Энэ удаагийн үйл ажиллагааг Засгийн газар дэмжин оролцож, бага хурлын үеэр Засгийн газраас хэрэгжүүлж буй “Монгол Улсын Алсын хараа -2050” болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм. “Экспо Монголиа-2022” гурван өдөр үргэлжилнэ.