ХСИС-ийн дэргэд 200 хүүхдийн цэцэрлэг байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬХууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Хууль сахиулахын их сургуулийн 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.
1934 онд анхлан тулгын чулуугаа тавьсан Хууль сахиулахын их сургууль өнөөдөр Хууль зүйн удирдлагын академи, Ахисан шатны боловсролын сургууль, Цагдаагийн сургууль, Хилийн сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль, Онцгой байдлын сургууль ,Эрх зүй нийгмийн ухааны сургууль зэрэг бүрэлдэхүүн сургуулиудтай, нийт 3000 гаруй сонсогч суралцагч, 412 багштай Монгол улсын тэргүүлэх их сургуулиудын нэг болоод байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолд зориулж хэлсэн үгэндээ "Хүний эрх, эрх чөлөөг тууштай хамгаалж чадах оюун санааны болон бие бялдар, ёс суртахууны хувьд бүрэн төлөвшсөн мэргэжлийн, мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэж нийгмийн эрэлт хэрэгцээг хангах нь Хууль сахиулахын их сургуулийн тэргүүлэх чиглэл байсаар ирсэн, цаашид ч байх болно" гэж онцолсон юм.
Өнгөрсөн хугацаанд ХСИС 37 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хичээл сургалтын томоохон шинэ цогцолбор байртай болсон. Тэгвэл сургалтын материаллаг бааз, сурах орчны энэхүү давуу талаа ашиглан сургалт, эрдэм судлалын ажлаа өнөөдрийн түвшингээс ахиулах ёстойг ХЗДХ-ийн сайд хэллээ.
ХСИС хичээлийн шинэ байртай болсноор өмнө нь Ахлагчийн сургууль байрлаж байсан хуучин барилгыг ашиглахгүй байгаа. Тэгвэл тус барилгыг 200 орчим сая төгрөгөөр шинэчлэн засварлаж 200 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг байгуулах боломжтойг ХЗДХ-ийн сайд онцолж, ойрын үед ажил хэрэг болгохыг холбогдох албаны хүмүүст даалгалаа. Ингэснээр ХСИС-ийн багш ажилчид болон Баянзүрх дүүргийн хүүхдүүд цэцэрлэгт хамрагдах боломж нээгдэх юм.
Н.Туяа