Т.Баярхүү: Нутгийн урд хэсгээр хэт халалт үргэлжлэхээр байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү өнөөдөр үер, усны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Энэ сарын 1, 2-нд орсон түр зуурын усархаг аадар борооны улмаас хэд хэдэн аймагт уруйн үер бууж, авто замын зорчих хэсэг рүү орж, айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллага өртсөн тохиолдол бүртгэгдлээ. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд буусан уруйн үерт айлын гэр урсаж, хоёр хүний амь нас эрсэдсэн харамсалтай тохиолдол гарсан. Сая Тэрэлжийн гүүрний орчимд дэлгүүр, зорчих хэсэг рүү уруйн үер орж, авто зам дээгүүр давсан байна.
Хэт халалтын араас бороошиж, уруйн үер буух эрсдэлтэй гэдгийг өнгөрсөн долоо хоногт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлж байсан. Цаг уур, орчны шинжилгээний газраас өгч буй мэдээллээс үзвэл, ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр борооших төлөвтэй байна. Мөн нутгийн хойд хэсгээр бороошин, урд хэсгээр хэт халалт үргэлжлэхээр байгаа тул ард иргэд нөөлөг салхи, уруйн үерээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Үүнээс гадна усны ослын тохиолдлууд тасралтгүй бүртгэгдсээр байна" гэлээ.