Цагаатгалын өргөдөл хүлээж авах хугацааг сунгах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Б.Бейсен, С.Бямбацогт, О.Цогтгэрэл нар өнөөдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
УИХ-аас 1998 оны нэгдүгээр сарын 2-нд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг баталсан. Хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойших 25 жилийн хугацаанд холбогдох байгууллага, иргэдээс гаргасан санал, хүсэлтэд үндэслэн 4 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Цагаатгуулах тухай өргөдөл гомдол хүлээн авах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон ч Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисст хэлмэгдэгчдийн үр хүүхдүүд, холбогдох төрийн бус байгууллагуудаас хуулийн хугацааг сунгах хүсэлтийг ирүүлсээр байгаа аж. Одоогийн байдлаар 200 орчим иргэнээс өөрийн гэр бүл, төрөл төрөгсдийг цагаатгуулж, нэр төрийг сэргээлгэх тухай өргөдөл, гомдол, хүсэлтийг гаргаад байгааг УИХ-ын дэд дарга Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга С.Одонтуяа хэллээ.
Цагаатгуулах тухай гомдол гаргах хуулийн хугацаа дуусгавар болсон тул иргэдээс ирсэн цагаатгуулах тухай өргөдлийг Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, анхан шатны шүүхүүд хүлээж авахгүй байгаа боловч архивд хадгалагдаж байгаа улс төрийн хилс хэрэгт хамааралтай хэргүүдийг шалган шийдвэрлэх ажиллагаа явагдсаар байна. 1922-1990 оныг хүртэл нийтдээ 36000 орчим хүн улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн гэх тоо баримт байдаг бөгөөд одоогийн байдлаар 31460 иргэн хуульд заасан эрх бүхий байгууллагын шийдвэрээр цагаатгагджээ.
Нийт хэлмэгдсэн иргэдийн дийлэнхийг цагаатгаад байгаа боловч тодорхой нөхцөл байдал, учир шалтгааны улмаас цагаатгуулж амжаагүй иргэдийн эрхийг хуулийн хугацаагаар хязгаарлах нь зохимжгүй гэж төсөл санаачлагчид үзсэн байна. Иймд Үндсэн хуульд заасан иргэдийн эрх тэгш байдлыг хангах үүднээс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгуулах өргөдөл гомдол хүлээж авах хуулийн хугацааг энэ оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс ирэх оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.