ИБУИНХУ-ын парламентын тогтолцоо, хуулийн төсөл боловсруулах, батлах үйл явцыг судалж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс (ИБУИНХУ)-ын парламентын тогтолцоо, үйл ажиллагаа, хуулийн төсөл боловсруулах, батлах үйл явц, E-petition буюу өргөдөл гомдлын цахим системийн үйл ажиллагаа, парламентын судалгаа, олон нийтийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр туршлага судалж байна.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу УИХ-ын бүрэлдэхүүн өргөжиж, 126
гишүүнтэй ажиллах болсонтой холбогдуулан олон гишүүн бүхий парламент,
тэдгээрийн хуралдааны дэг, парламентын ажлын албаны зохион байгуулалт, үйл
ажиллагааг судалж, сайн
туршлагыг нэвтрүүлэхэд Тамгын газар анхаарч байгаа юм.
Энэ хүрээнд ЕНБД Д.Энхбат ИБУИНХУ-ын Нийтийн танхимын Ерөнхий нарийн бичгийн
дарга Том Гоулдсмиттэй уулзав. Уулзалтын эхэнд, Д.Энхбат Монгол Улсын “Гуравдагч хөрш”, Хүний эрх, ардчиллын нийтлэг үнэт
зүйлсээр холбогддог ИБУИНХУ
өрнөдийн улсуудаас хамгийн түрүүнд Монгол Улсыг хүлээн зөвшөөрч 1963 оны 1
дүгээр сарын 23-нд дипломат харилцаа тогтоож байсныг тэмдэглээд, 1990
оноос хойш Монголд ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн шинэ
тогтолцоонд шилжих үеийг даван туулахад тус улсын оруулсан хувь нэмрийг
Монголын төр, засаг өндрөөр үнэлдгийг онцолжээ.
Мөн энэ удаагийн
айлчлал Их Британийн парламентын Нийтийн танхимын ажлын алба, Монгол УИХ-ын Тамгын
газар хоорондын хамтын ажиллагааны түүхэнд шинэ үеийг эхлүүлэх үйл явдал гэж
үнэлж буйгаа тэмдэглээд, Монголд байнгын ажиллагаатай парламент үйл
ажиллагаагаа явуулснаас хойш 34 жилд УИХ, түүний Тамгын газар парламентын
ардчиллыг бэхжүүлэх, ард түмний төлөөллийн институц болох парламентыг
чадавхжуулахад олон улсын парламентуудтай хамтын ажиллагаа хөгжүүлж ирснийг дурдав.
ИБУИНХУ-ын Нийтийн
танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Том Гоулдсмит Нийтийн танхим, Тамгын
газрынхаа үйл ажиллагааг танилцуулжээ. Тус танхим нь 650 гишүүнтэй, сонгуулийг нэг мандаттай 650 тойрогт
мажоритар системээр явуулдаг. Англи 529, Уэльс 40, Шотланд 72, Умард Ирланд 18
сонгуулийн тойрогтой. Парламентын бүх нийтийн сонгууль 5 жил тутамд болж,
сонгуульд олонхын санал авсан улс төрийн нам Засгийн газрыг эмхлэн байгуулдаг аж. Энэ айлчлалаар Нийтийн танхимын Парламент
хоорондын харилцааны асуудал хариуцсан алба, Өргөдлийн хороо, Их Британийн Парламент дахь Олон Улсын
Парламентын Холбооны асуудал хариуцсан бүлэг, Бүх намын Британи-Монголын
парламентын бүлгийн Парламентын боловсрол, иргэдийн оролцоо хариуцсан газар, Нийтийн танхимын номын сан,
судалгааны газрын үйл ажиллагаатай танилцан арвин туршлага хуримтлуулна гэдэгт
итгэж байгаагаа Том Гоулдсмит илэрхийлжээ.
Тэрбээр
1996 оноос Нийтийн танхимын Тамгын газарт ажилласан бөгөөд Нийтийн танхимын
комиссын нарийн бичгийн дарга, хорооны Ажлын албаны даргын албыг хашиж байгаад
2023 оны 3 дугаар сард Хааны зөвшөөрлийн дагуу ИБУИНХУ-ын Нийтийн танхимын 52
дахь Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон аж.
Цаашид хоёр улсын Парламентын Тамгын газар хоорондын хамтын
ажиллагааг хөгжүүлэх өргөн боломжтойг
Ерөнхий нарийн бичгийн дарга нар уулзалтын үеэр тэмдэглээд, парламентат ёсны
хөгжил, Тамгын газруудын туршлага, ур чадварыг харилцан солилцох,
мэргэжилтнүүдийн дадлагажуулах, тус тусын болон бусад улсын туршлагыг судлахад
хамтран ажиллахаар ярилцав.
Уулзалтын
төгсгөлд Д.Энхбат, эрхэм ЕНБД Том Гоулдсмитыг Нийтийн танхимын төлөөлөгчдөө
тэргүүлэн тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьж байгаагаа илэрхийллээ.
ЕНБД Д.Энхбат тэргүүтэй УИХ-ын Тамгын газрын төлөөлөгчдийг Нийтийн танхимын Парламент хоорондын
харилцааны асуудал хариуцсан албаны дэд дарга Эмма Мэкэй, Өргөдлийн хорооны
нарийн бичгийн дарга Йонна Велхам, Хуулийн газрын нарийн бичгийн дарга Лиам
Лоуренс Смит нар хүлээн авч Нийтийн танхимын бүтэц чиг үүрэг, Өргөдлийн хорооны
үйл ажиллагаа, хууль тогтоох үйл явц, Нийтийн танхимын номын сан, судалгааны
газрын үйл ажиллагааг танилцуулсан. Энэ үеэр тус улсын
парламентын тогтолцоо, хуралдааны дэг, парламентын мэтгэлцээн явуулах журам,
цахим өргөдлийн тогтолцооны талаар харилцан мэдээлэл солилцож, яриа өрнүүлснийг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар мэдээлжээ.