Залуучуудыг бизнесийн сургалтад хамруулах хөтөлбөрийн талаар Энэтхэгийн талтай ярилцаж эхэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-02-22 14:27:27

Улаанбаатар, 2024 оны хоёдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Засгийн газраас зарлан хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д боомтын, эрчим хүчний, аж үйлдвэрийн, ногоон хөгжлийн, төрийн бүтээмжийн, хот-хөдөөгийн сэргэлт орж байгаа. Эдгээрийн нэг нь мөн бизнесийн сэргэлт юм.


Бизнесийн төлөөллийн байгууллагын хувьд Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхим бизнесийн сэргэлтийн бодлогыг дэмжих үүднээс 10 мянган залууг бизнесийн сургалтад хамруулах хөтөлбөр зарлаад байгаа билээ.

Үүнээс нэг мянган залууг олон улсын бизнесийн сургалтад сургаж, 100 залууг бичил, жижиг, дундад хамруулна. Олон улсын сургалтын хүрээнд монгол залуусыг бизнест сургах талаар эхний ээлжинд Энэтхэгийн талтай ярилцаж эхэлснийг МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн өнөөдөр сэтгүүлчидтэй уулзахдаа мэдээллээ.

Тэрбээр хэлэхдээ, “Манай хөтөлбөр Засгийн газраас улс орны хөгжлийг ахиулах үндсэн 6 чиглэлд анхаарч, 2021 онд санаачилсан “Шинэ сэргэлтийн бодлого”-той уялдуулан бизнес сэргэлтэд залуучуудыг идэвхтэй оролцуулах зорилготой” гэдгийг тодотгож байв.


Монгол Улсад уул уурхай гэхгүйгээр, монопол бус хэвийн бизнес эрхлэлт хэрэгтэй байна.


10 мянган залууг бизнесийн сургалтад хамруулах хөтөлбөрийн талаар Бизнесийн академийн захирал Д.Асралтаас тодруулав.

-Хөтөлбөрт хамрагдах залууст ямар шаардлага, шалгуур тавьж байгаа вэ?

-Анхан шатны богино хугацааны сургалтад ямар ч шалгуур байхгүй. 10 мянгаас харин шалгаруулж 1 мянгыг гадаадад сургана. Сургалтад хамрагдах залуучуудад сертификат олгож, бичил асуулгаар мэдлэгийг нь дүгнэнэ.

-Хөтөлбөрийн үр дүнг юугаар хэрхэн яаж хэмжих вэ? 10 мянган залуусыг нэг дор сургах уу? Энэ нь хэр тооцоо судалгаатай ажил вэ?

-Залуучуудыг гурван үе шаттай хамруулна. Манай академи өнгөрсөн хугацаанд 5 мянган хүнийг сургаж гаргасан. Одоогийн хөтөлбөрийн хүрээнд хэлэхэд, нийслэлийн гэр хороололд 140 мянган залуу байгаа тухай судалгаа гарсан. Хөтөлбөрийн үр дүнг залуучуудын бизнесийн бойжуулалтаар хэмжинэ гэв.


Учир нь, хөтөлбөрийн хүрээнд эхлээд 10 мянган залууг бизнесийн анхан шатны суурь сургалтад, мянгыг гадаадад олон улсын ахисан түвшний мэргэжлийн сургалтад хамруулж, 100 залууг бизнес эрхлэлтэд оруулж, тоног төхөөрөмжөөр хангах зэрэг дараалсан үе шаттай хэрэгжүүлнэ гэдгийг тодотгон хэлж байна.


Томоохон компани, ААН-үүдийн хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн ердөө 10 хувь нь бичил, жижиг, дунд бизнесийнхэнд хуваарилагддаг тухай судалгаа гарсныг Бизнесийн академийн захирал Д.Асралт дуулгалаа. 



相关新闻