Архангай, Баян-Өлгийн баг шилдэг наймд шалгарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Үндэсний алтан цомын төлөөх барилдааны хагас шигшээ буюу гуравдугаар тойргийн барилдаан үргэлжилж байна.
“Б” хэсэгт Архангай, Булган, Баян-Өлгий, Сүхбаатар аймгийн баг орсон. Гуравдугаар тойрогт өнгөрсөн жилийн аварга Архангайнхан Сүхбаатар аймгийн багтай оноолт таарлаа. Барилдаанд эхнээсээ л Архангайхан илүүрхэх нь тэр. Эцэст нь 21:4-өөр яллаа. Учраа багтаа ердөө дөрөвхөн даваа алдсан Архангайн багаас уран барилдаанаараа цэргийн заан Ө.Батсуурь, бэлтгэл сайтайгаараа улсын харцага С.Сүхбат нар тав давжээ. Харин аймгийн арслан Э.Мөнхжаргал, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ нар дөрөв давж, багтаа тус хүргэв. Тэгвэл Сүхбаатар аймгаас аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр гурав, аймгийн заан С.Ган-Эрдэнэ нэг даваа давлаа.
Энэ хэсгийн нөгөө барилдаан өнгөрсөн жилийн дэд аварга Булган болон Баян-Өлгий аймгийн бөхчүүдийн хооронд өрнөлөө. Барилдааны эцсийн үр дүнг үзэгч, сонирхогч, мэргэжилтнүүд таамаглаагүй. Тодруулбал, Өлгийн хүчтэнүүд 14:11-ээр ялалт байгуулснаар шилдэг наймд шалгарлаа. Харин Булганы начингуудын алтан цомын төлөөх аялал энэ хүрээд өндөрлөв. Булганаас Д.Амарсайхан Э.Сумьяабат, Э.Энх-Амгалан нар бэртэлтэй ч барилдаанд оролцсон. Гэхдээ тэд зорилгоо биелүүлж чадсангүй. Ялагчаар тодорсон Баян-Өлгийн багаас аймгийн заан Е.Көптилек дөрөв, аймгийн хурц арслан У.Береке, аймгийн арслан Б.Төмөрбаатар нар гурван даваа авч багтаа том гавьяа байгууллаа. Хэдийгээр хурц арслан М.Еркебулан ердөө ганц давсан ч энэ нь ялалтын даваа байлаа. Түүнчлэн улсын өсөх идэр начин Н.Мустафа нэг, аймгийн арслан Т.Эрболат хоёр даваа авчээ.
Тэгвэл Булганаас улсын начин Б.Түмэндэмбэрэл гурван давсан бол Б.Түвшинтөгс, Х.Цогтгэрэл, Э.Сумьяабат, Э.Энх-Амгалан нар хоёр даваагаар тус болов. Гэвч багийн хамгийн ахмад нь болон Д.Амаржаргал, Д.Амарсайхан нар даваа авч чадсангүй.
Өнөөдөр “С” хэсгийн барилдаан болох бөгөөд Төв-Дорноговь, Ховд-Баянхонгорын багтай өрсөлдөх юм.