“С” хэсгээс Ховд, Төв аймгийн баг наймд шалгарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Үндэсний алтан цомын төлөөх “С” хэсгийн сүүлийн тойргийн барилдаан барилдаан өчигдөр болж, Төв болон Ховд аймгийн баг шигшээ наймд шалгарлаа.
Төв аймгийнхан энэ тойрогт өрслөдөгчөө 19:6-гаар илүүрхсэнээр хэсгийнхээ хоёрдугаар байраар шалгарч байгаа юм. Бүрэлдэхүүнд улсын начин Г.Ганжад, Д.Хүдэрбулга, аймгийн арслан П.Эрхэмжаргал, Л.Даваажамц, Н.Дашдаваа, Л.Энхтүвшин багтжээ. Дасгалжуулагчаар улсын харцага Л.Бадарч, Ө.Даваабаатар нар ажиллав. Тус багаас аймгийн арслан Л.Даваажамц ганцаараа тав давж, бусдыгаа манлайлсан бол улсын начин Д.Хүдэрбулга, аймгийн арслан Л.Энхтүвшин, Н.Дашдаваа нар дөрвөн даваагаар дэм боллоо. Түүнчлэн улсын начин Г.Ганжад, аймгийн арслан П.Эрхэмжаргал нар нэг давжээ.
Дорноговийн
багаас аймгийн арслан М.Бямбадорж, Х.Очирхуяг нар хоёр, Б.Бадрал, Б.Батсайхан
нар нэг давсан байна.
Тэгвэл “С” хэсгийн тэргүүн баг Ховдынхон Баянхонгорыг 21:4-өөр илт давуу яллаа. Ховдын баг улсын аварга О.Хангай, манлай заан Б.Пүрэвсайхан, заан Бат-Өлзий, харцага Г.Ганхуяг болон өнөө цагт шилдэг аймгийн арслангуудын тоонд яваа М.Баяржавхлан, Ц.Төмөрцоож, Ц.Батцоож нарыг эгнээндээ нэгтгэсэн. Тэд анхнаасаа илт давамгайлсан учраас сэлгээ хоёр бөхөө ашигласангүй. Улсын аварга О.Хангай, аймгийн арслан Ц.Төмөрцоож нар тав давсан бол манлай заан Б.Пүрэвсайхан, аймгийн арслан М.Баяржавхлан нар дөрөв, улсын заан Б.Бат-Өлзий гурван даваагаар багийнхаа ялалтад нэмэр болов.
Харин Баянхонгороос
улсын харцага Н.Золбоо хоёр, аймгийн арслан Т.Дүүрэнсаран, Т.Баттогтох нар нэг
давжээ. Гуравдугаар тойргийн сүүлчийн барилдааны дараа Баянхонгор, Төв аймгийн оноо
тэнцсэн ч давааны харьцаагаар Төв аймаг илүү байсан учраас хэсгээсээ хоёрдугаар
байраар шалгарлаа. Уран барилдаант залуу начин Э.Батмагнай, цэргийн арслан
Г.Жамбалдорж нарын хувьд өчигдөр одгүй өдөр нь байсан бололтой. Түүнчлэн Баянхонгорынхон
эхний хоёр тойрогт хүн дутуу байсан нь хол зөрүүтэй ялагдах шалтгаан болов.