Мөсөнд авиралтын тамирчид 2024 он гарснаас хойш есөн медаль хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга өнөөдөр мөсөнд авиралтын спортоор дэлхийн цомын цуврал тэмцээн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн баг тамирчдыг хүлээн авлаа.
Манай мөсөнд
авиралтын тамирчид 2024 оны эхний хоёр сарын байдлаар дэлхийн цомын цуврал
тэмцээн, залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс
нийт есөн (алт 4, мөнгө 2, хүрэл 3) медаль хүртжээ.
Тодруулбал, Францад болсон залуучуудын дэлхийн аваргын хурдны төрөлд Б.Мөнхбаатар алт, А.Зоригтбаатар, Ц.Анар нар хүрэл, БНСУ-д болсон дэлхийн цомын тэмцээнээс Н.Хэрлэн алт, Ч.Мандахбаяр мөнгө, Швейцарт болсон дэлхийн цомоос Ч.Мандахбаяр алт, Канадад болсон насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас Н.Хэрлэн мөнгө, Н.Сэлэнгэ хүрэл медаль хүртсэн байна.
Тэднээс Ч.Мандахбаяр дэлхийн цомын цуврал тэмцээний нийлбэр амжилтаар дэлхийн чансааг тэргүүлж, цомын эзэн болсон бол Б.Мөнхбаатар залуучуудын ДАШТ-ий Монголын баг тамирчдын анхны алтан медалийг авчирч, Н.Хэрлэн, Н.Сэлэнгэ нар насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болжээ.
Энэ үеэр У.Анар,
Ж.Амина, А.Зоригтбаатар нарыг жуух бичгээр, олон улсын хэмжээний мастер цолоор Н.Сэлэнгэ,
Б.Мөнхбаатар нарыг шагнасан байна.