Чөлөөтийнхөн Туркийн тэмцээнээс 10 медаль хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Туркийн Анталия хотноо алдарт бөх Яшар Догу, Вехби Эмре, Хамит Каплан нарын нэрэмжит олон улсын тэмцээн болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд оролцсон Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийнхан 10 медаль хүртэж, гарамгай үзүүллээ. Тодруулбал, эмэгтэйчүүд хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүд дөрвөн мөнгөн медальтай эх орондоо ирж байна. Тус тэмцээнд финалдсан нийт есөн тамирчнаас Б.Болортуяа, Э.Дэлгэрмаа нар төрийн дууллаа эгшиглүүлсэн бол долоо нь дэд аварга болов.
Ингэснээр эмэгтэйчүүд 133 оноогоор дэд байрт, эрэгтэйчүүд 108
оноогоор гуравдугаар байрт шалгарч цом өргөлөө.
Одоо манай тамирчдыг яг нэг сарын дараа Киргизстаны Бишкект эхлэх Азийн аварга, олимпын эрх олгох тэмцээн хүлээж байна.