Даян аварга Н.Батсуурийн баг яллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. “Премьер спортс нэтворк”, Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулсан үндэсний алтан цомын “Бүх оддын барилдаан”-д улсын гарди Д.Рагчаа дасгалжуулагчтай, даян аварга Н.Батсуурь ахлагчтай баг түрүүллээ.
Аварга анх багаа бүрдүүлэхдээ хурдаар илүүрхэж ялалт байгуулах зорилготой байсан. Тиймээс хөнгөн жинтэй, сэрвүү барьцнаас барилддаг бөхчүүдээр багаа бүрдүүлсэн. Тэрбээр улсын заан Б.Бат-Өлзий, гарди Ц.Бямба-Отгон, харцага Б.Зоригтбаатар, начин Д.Амарсайхан, Э.Сумъяабат, Э.Батмагнай нарыг сонгосон байдаг.
Харин улсын аварга П.Бүрэнтөгс бяраар илүүрхэх сонголт хийж улсын аварга О.Хангай, арслан Р.Пүрэвдагва, заан Б.Пүрэвсайхан, М.Лхагвагэрэл, харцага О.Мөнх-Эрдэнэ, С.Сүхбат нараар багаа бүрдүүлсэн. Барилдаан эхлэхээс өмнө бөх сонирхогчид, мэргэжилтнүүд улсын аварга П.Бүрэнтөгсийн багийг ялна хэмээн таамаглаж байлаа.
Гэвч даян аварга Н.Батсуурийн ахалсан баг өрсөлдөгчөө 15:10-аар буулган авлаа. Түрүүлсэн багаас улсын гарди Ц.Бямба-Отгон, заан Б.Бат-Өлзий нар дөрөв давсан бол улсын начин Э.Батмагнай гурав, харцага Б.Зоригтбаатар, сэлгээнээс орсон начин Э.Сумъяабат нар хоёр давжээ. Харин даян аварга Н.Батсуурь эхний хоёр тойргоос даваа авч чадалгүй сэлгээнд шилжсэн. Түүнчлэн улсын харцага Б.Зоригтбаатар сэлгээнд сууж, түүний орлон начин Д.Амарсайхан талбайд гарсан ч даваа авч чадсангүй.
Тэгвэл улсын аварга
П.Бүрэнтөгсийн багаас отгон аварга О.Хангай дөрөв давсан бол бусад нь
хангалттай байсангүй. Багийн ахлагчийн хувьд дөрөв дараалан өвдөг шороодсоны
эцэст сүүлийн тойрогт сэлгээнд суув. Улсын заан М.Лхагвагэрэл Туркээс дөнгөж
ирэнгүүтээ барилдаанд оролцсон ч хоёрхон давлаа. Харцага О.Мөнх-Эрдэнэ хоёр
даваатай байсан ч хуруу нь мултарсан учраас сэлгээнд суув. Түүний оронд талбайд
гарсан заан Б.Пүрэвсайхан нэг, улсын харцага С.Сүхбат таван тойрог барилдахдаа
ердөө ганцхан давлаа. Арслан Р.Пүрэвдагвын хувьд сүүлийн тойрогт сэлгээнээс
орсон ч улсын начин Э.Сумъяабатыг барсангүй.
Энэхүү барилдаанд ялсан баг 30 сая, ялагдсан нь 10 сая төгрөгийн бай шагнал гардсан юм. Харин энэ өдрийн шилдэг бөхөөр улсын гарди Ц.Бямба-Отгоныг тодруулж, гурван сая төгрөгөөр амжилтыг нь мялаалаа.
Барилдааны эхэнд урлаг, спортоор олны танил болсон
арван хүн хоёр багт хуваагдан үндэсний бөхөөр барилдсан бөгөөд улсын харцага
Б.Зоригтбаатарын баг 13:12-оор ялалт байгуулав. Энэ багт 2021 оны Монголын
мистер Т.Батнасан /5/, Монгол Улсын манлай уяач О.Батболд /2/, олимп, дэлхийн
аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай /1/, жүжигчин
О.Амгаланбаатар /4/, дуучин Д.Найдандорж/1/ нийт 13 даваа авлаа. Ялсан багийн
тамирчид таван сая төгрөгийн шагнал гардсан юм.
Харин О.Хангай аваргын багт барилдсан дуучин Д.Намсрайноров /2/, дуучин Ц.Отгонбаяр /4/, хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг, “Хоромхон” клубийн довтлогч Н.Наранболд /3/, “ТВ Коктейль”-ийн жүжигчин А.Өнөржаргал /0/, фитнесс модель С.Эрдэнэцогт /3/ нийт 12 даваа авчээ.
Мөн барилдааны үеэр хүч, хурдын тэмцээн болсон бөгөөд аймгийн арслан П.Эрхэмжаргал, цэргийн арслан Б.Өлзийсайхан, аймгийн заан Б.Бадамдорж, аймгийн заан С.Доржпалам нар авхаалж самбаа сорин өрсөлдсөнөөс аймгийн заан С.Доржпалам гурван үзүүлэлтийн нийлбэр амжилтаар түрүүлж, хоёр төгрөгийн эзэн боллоо.
Өнөөдөр 13:00 цагаас Монгол цэргийн өдөр,Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, Цэргийн төв хэвлэл “Соёмбо” сонины 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаантай.