Макүүчид Такэрүфүжи 110 жилийн өмнөх амжилтыг давтаж, жюүрёод Миторюү Б.Төрболд хоёр дахиа түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээн өндөрлөлөө.
Тус тэмцээнд “Исэгахама” дэвжээний бөх Такэрүфүжи 13-2 гэсэн амжилтаар түрүүлэв. Тэрбээр нэгдүгээр сард жюүрёод түрүүлэн, Харү башёд анх удаа макүүчид дэвшин барилдсан юм. Түүний хувьд 110 жилийн дараа макүүчид дэвшсэн анхны башёдаа түрүүлсэн амжилтыг давтлаа. Мөн мэргэжлийн сүмод орсоор 10 башё барилдаад макүүчид түрүүлсэн анхны бөх болов. Үүнээс гадна 24 жилийн дараа макүүчигийн түрүүг гурван тусгай шагналтай хамтад нь хүртсэн гурав дахь бөх боллоо. Өөр нэг содон үйл явдал нь сүмогийн магэ үс нь ургаж гүйцээгүй бөх макүүчи зиндаанд түрүүлж, Японы эзэн хааны цомыг хүртсэн анхны тохиолдол аж.
Манай бөхчүүдээс озэки Хоошёорюү С.Бямбасүрэн 11 даваатай башёг дуусгалаа. Харин озэки Киришима сүүлийн өдөр давснаар таван даваатай Хаврын тэмцээнийг өндөрлүүлсэн. Тэгвэл маэгашира Тамаваши Б.Мөнх-Оргил, Рога А.Амарсанаа нар тавин хувийн амжилтаа үзүүлж чадсангүй. Харин Жюүрёо зиндаанд монгол бөхчүүд онцгой байлаа. Миторюү Б.Төрболд 12 даваатайгаар түрүүлэв. Тэрбээр өмнө нь уг зиндаанд 2021 оны долдугаар сард түрүүлж байв. Ийнхүү жюүрёод хоёр дахь түрүүгээ авч байна. Түүнчлэн жюүрёогийн барууны дөрвөөс барилдсан Оошёоүма П.Дэлгэрбаяр 11 даваатай башёг дуусгалаа. Ингэснээр Миторюү, Оошёоүма нар тавдугаар сард макүүчид барилдах болзлоо хангав.
Бүх Японы оюутны ёкозүна болж мэргэжлийн сүмогийн замналаа макүшитагийн 15-аас эхлүүлсэн “Ономацү” дэвжээний бөх Онокацү Б.Чойжилсүрэн мэргэжлийн сүмод гурван башё барилдаж, Монголын 39 дахь сэкитори цолтон боллоо. Түүний хувьд Хаврын башёд макүшитагийн барууны хоёроос барилдаж, таван даваатай тэмцээнээ өндөрлүүлснээр тавдугаар сард жюүрёо руу дэвшихээр болжээ. Тэгвэл улсын гарди Д.Рагчаагийн хүү Асахакүрюү Р.Жамъянтогтох зургаан даваатай башёг дуусгаснаар чансаагаа ахиулна.
Монгол бөхчүүдийн амжилт
Макүүчи зиндаа
З-Ё Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 2-4 /өнжсөн/
З-О Киришима Б.Лхагвасүрэн 5-10
Б-О Хоошёорюү С.Бямбасүрэн 11-4
Б-7 Тамаваши Б.Мөнх-Оргил 7-8
Б-15 Рога А.Амарсанаа 7-8
Жюүрёо зиндаа
Б-2 Миторюү Б.Төрболд 12-3
Б-4 Оошёоүма П.Дэлгэрбаяр 11-4
Б-6 Чиёошома Г.Мөнхсайхан 9-6
Б-7 Дайшохо Ч.Шижирбаяр 10-5
Б-9 Тамашохо Э.Энхманлай 6-9
Макүшита зиндаа
Б-2 Онокацү Б.Чойжилсүрэн 5-2
Б-6 Хокүтомарү Н.Чинзориг 3-4
З-9 Дэванорюү Т.Тэмүүлэн 2-5
З-11 Хокүтэнкай Г.Сүхбат 3-4
Б-20 Котокэнрюү Г.Билгүүн 4-3
З-27 Асахакүрюү Р.Жамъянтогтох 6-1
Б-29 Казэноүми Ц.Билгүүн 3-4
З-46 Араүма Б.Төртогтох 3-4
Санданмэ зиндаа
Б-1 Токисома Б.Анхбаяр 3-4
З-15 Саданохикари Д.Наранцогт 3-4
Б-18 Сэнхо Жигүүр 4-3
Жонидан зиндаа
Б-32 Кёкүкайюү Ш.Далайбаатар 5-2