Монголын хөлбөмбөгчид эхний тоглолтдоо хожигдлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний шигшээ баг 2024 оны эхний тоглолтоо Азербайжаны багтай хийлээ.
Олон улсын хөлбөмбөгийн холбооны шигшээ багуудын өдрийн хүрээнд FIFA Series албан ёсны нөхөрсөг тоглолтод манай улс 0:1-ээр хожигдов. Тоглолтын цорын ганц гоолыг шүүгчийн мэдлийн цагт чөлөөт цохилтоос ирсэн бөмбөгийг Бахлул Мустафазаде 90+1 минутад мөргөж гоол оруулсан юм. Уг тоглолтод өнгөрсөн жилийн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтыг өнжсөн хаалгач Э.Мөнх-Эрдэнэ шигшээ багтайгаа эргэн нэгдэж, өрсөлдөгч багийн олон довтолгоог тасалж, хаалга руу чиглэсэн цохилт бүрийг 90 минутын турш хамгааллаа.
Энэ удаагийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан 23 тамирчны 21 нь Монголын премьер лигийн тоглогчид байна. Мөн Чехийн дээд лигийн “Динамо Ческе Будеёвице” клубийн довтлогч Г.Төгөлдөр, Австрийн “SU Rebenland” багийн хагас хамгаалагч Б.Цогтбаяр нар нэгджээ.
Тоглолтын дараа ахлах дасгалжуулагч Ичиро Оцүка “Хожигдсондоо сэтгэл үнэхээр гонсгор байна. Өнөөдөр бид маш сайн өрсөлдөгчийн эсрэг тоглолоо. 90 минутын турш гоол алдаагүй ч шүүгчийн мэдлийн цагт алдаа гарлаа. Манай баг маш сайн хамгаалалттай байсан. Гэхдээ зөвхөн хамгаалалт багадна, одоо довтолгоогоо илүү сайжруулах хэрэгтэй. Бид алхам алхмаар сайжрах ёстой. Хэдийгээр хожигдсондоо сэтгэл тиймхэн байвч багийнхаа тоглогчдод бол баярлаж байна. Гайхамшигтай тоглолоо, манай залуус. Одоо дараагийн тоглолтдоо анхаарах болно” гэжээ.
Монголын шигшээ өнөөдөр 21:00 цагаас Африк тивийн Танзанийн багтай нөхөрсөг хоёр дахь тоглолтоо хийнэ.