Б.Оюун-Эрдэнэ Сиднейн гранприд түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Австралийн Сидней хотод пара байт харвааны дэлхийн чансааны оноо олгох гранпи тэмцээн болж өндөрлөлөө.
Энэхүү тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлагад дөрвөн тамирчин өрсөлдөхөд эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд олон улсын хэмжээний мастер Б.Оюун-Эрдэнэ алтан медаль хүртсэн байна. Тэрбээр өнгөрсөн жил паралимпын наадамд оролцох эрхээ авсан.
Пара байт харвааны “Парис-2024” паралимпын наадмын эрх олгох тэмцээн үүгээр өндөрлөж байгаа юм. Монгол Улсаас ДАШТ-ний багийн хүрэл, Азийн аваргын хүрэл медальт Д.Сэлэнгээ, Азийн аваргын хүрэл медальт Б.Оюун-Эрдэнэ нарын харваачид Парисын зурхайд цэц сорино.
Пара байт харвааны дэлхийн чансаанд Д.Сэлэнгээ дөрөвт эрэмбэлэгдэж байгаа бол Б.Оюун-Эрдэнэ 14 дүгээр байрт жагсаж байна.