Хоёрын даваанд улсын цолтой 96 бөх зодоглож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ.
Нэгийн даваанд улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, начин Д.Энхбаяр нар өвдөг шороодсон. Улмаар хоёрын даваанд улсын цолтой 96 бөх гарснаас Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат улсын арслан Х.Мөнхбаатар өвдөг шороодлоо.
Хоёрын давааны төгсгөлд энэ жилийн улсын цолны тааварт яваа аймгийн арслан цолтнууд хоорондоо оноолт таарсан нь бөх сонирхогчдын анхаарлыг татаж байна. Өнөөдрийн барилдаан хоёрын даваагаар өндөрлөнө.
Хүчит бөхийн
барилдааны гурвын даваа маргааш өглөө 09:00 цагт эхэлнэ.