Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх шинэ байртай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-01-30 16:16:56

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх шинэ байртай боллоо.


Энэхүү байрыг анх үйлдвэрийн зориулалттай барьсан ч шүүхийн байрны стандартад нийцүүлэн барилгын доторх өрөө тасалгаанд бүрэн засвар хийжээ. Уг обьект нь 4132 м.кв талбай бүхий дөрвөн давхар, шүүхийн найман танхим, долоон зөвлөлдөх өрөөтэй аж. Нийт 1.5 тэрбум төгрөгөөр барилгын засварыг гүйцэтгэхдээ 42 хоногийн хугацаанд ашиглалтад оруулсан байна. Харин 1.4 тэрбум төгрөгөөр тавилга, тоног төхөөрөмж худалдан авчээ. Тус байранд өдгөө 41 шүүгч, 185 албан хаагч ажиллаж байгаа юм. Шинэ байранд орсноор дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн албан хаагчид, шүүгчдийн ажиллах орчин сайжирч, хэргийн шийдвэрлэлтэд түргэн шуурхай болох боломж бүрдсэн байна.


Шүүх байгуулах тухай хуулийг 2024 оны зургаадугаар сарын 5-нд баталсан бол 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Тойргийн шүүх нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг, таслан сэргийлэх үйл ажиллагааг харьяалан хянан шийдвэрлэх аж. 2025 оны нэгдүгээр сарын 2-24-ний өдрийг хүртэлх хугацаанд эрүүгийн, иргэний, зөрчлийн хэрэг болон прокурорын дүгнэлт 2486, таслан сэргийлэх 231 санал шийдвэрлэсэн байна.

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх нь Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн засаг захиргааны нутаг дэвсгэрийн бүх нэгж хамаардаг ажээ. 


Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн ярихдаа, “Иргэд шүүхээр үйлчлүүлэхэд тохитой байх, хүндрэл учруулахгүйн тулд байрныхаа нэгдүгээр давхарт киоскоор үйлчилж байна. Мөн тэмдэгтийн хураамж төлөхийн тулд өөр тийш явах шаардлагагүй болсон. Цаашид шүүхийн ажлыг олон нийтэд ойртуулах үүднээс бүхий л үйл ажиллагааг цахимжуулна. Өөрөөр хэлбэл, орон зайнаас үл хамааран шүүхийг үйлчилгээг бодитоор авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Хэдийгээр шүүхийн мэдлийн байр биш ч гэлээ өмнөхөө бодвол шүүгчид тусдаа өрөөтэй болж, ажлаа ая тухтай явуулах боломжийг бүрдүүлснээрээ онцлогтой. Зөвхөн шүүгчид ч бус шүүхийн байгууллагын алба хаагчид төдийгүй үйлчлүүлж байгаа иргэд ч таатай нөхцөлд үйлчлүүлэх нөхцөл бүрдсэнд баяртай байна” гэв. 








相关新闻