ЗАВХАН: Тэмээний уяа сойлгыг хурдан мориных шиг тааруулдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-02-04 17:55:14

Улиастай, 2025 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн тэмээн сүрэг 9.0 мянга болж 3.8 хувиар өссөн байна. 


Тус аймаг 2024 оны жилийн эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 3008.2 мянган толгой мал тоолуулжээ. Малын тоо толгой өмнөх оныхоос 59.3 мянган толгойгоор буюу 1.9 хувиар буурсан байна.


Аймгийн хэмжээнд хамгийн олон тэмээтэй нь Дөрвөлжин сум. Тус сум 2587 тэмээ тоолуулжээ. Дөрвөлжин сумын хамгийн олон тэмээтэй малчин нь улсын аварга малчин, тэмээчин Ж.Мандахнар юм. Эднийх аймгийн хамгийн олон буюу 400 гаруй тэмээтэй. Дөрвөлжин сумын Тавантолгой багийн малчин Ж.Мандахнар тэмээгээ магтан ерөөх дуртай.

Тэрбээр улсын аварга, аймгийн аварга малчин төдийгүй “Алтан ботгоны эзэн” юм. Өнгөрсөн жил эднийх сумынхаа 10 гаруй залуу малчинд тэмээгээ хэрхэн өсгөж үржүүлэх, уламжлалт малч ухааныг зааж өгчээ.


Тэмээчин хүн, тэмээний уралдаанд тун чиг дуртай, хурдан морины уяач шиг л догдолдог. Гэхдээ тэмээний уралдаан тэр бүр манай аймагт болдоггүй нь харамсалтай.


Манай нутгийнхан Ховд аймагт болсон тэмээний баярт олуулаа очиж оролцдог. Тэмээ гэдэг амьтныг хэрхэн яаж сургаж, тэмээний мах, сүү, ноосоор юу хийдгийг харуулсан уламжлалт ёс зан заншил, тэмээчин хүний ур чадвар, авхаалж самбаа, эр зориг, хурд хүч чадлыг харуулсан тэмээний уралдааныг Завхан аймагтаа зохион байгуулаасай гэж хүсдэг. Тэмээний баяр, тэмээний уралдаан морины уралдаанаас онцлог болдог.

Учир нь, тэмээний уралдааныг бага нас буюу торомны, дунд нас буюу тайлгын, дээд нас буюу атны хэмээн гурав ангилан уралдуулдаг бөгөөд уралдах тэмээний уяа сойлгыг хурдан морины нэгэн адил уяаг нь тааруулдаг.

Тэмээний уралдаанд заавал хүүхэд гэхгүй насанд хүрэгчид унадгаараа морины уралдаанаас өвөрмөц байдаг гэж малчин Ж.Мандахнар ярилаа.


Ташрамд дурдахад, Ургамал сум 2170, Сантмаргаз 1093, Алдархаан 712, Цагаанчулуут 384 тэмээ тоолуулж аймгийн хамгийн олон тэмээтэй сумууд болжээ. 



Тэмээний уралдаан морины уралдаанаас онцлог болдог


Мөнгөн буурын эзэн тэмээчин Ж.Мандахнарын тэмээн сүрэг

相关新闻