Монгол Улсыг цахим засаглалын хөгжлийн индексээр “маш өндөр” түвшинд үнэлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын цахим засаглалын хөгжлийн индексээр Монгол Улсыг “маш өндөр” түвшинд үнэлжээ.
Өмнөх "өндөр" гэсэн үнэлгээнээс ийнхүү 28 байр ахиж, дэлхийд 46 дугаарт, Ази тивийн улс орнуудын
дунд 13 дугаар байрт бичигдсэн нь муугүй амжилт юм.
НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн газраас Узбекистан улстай хамтран зохион байгуулж буй “Нийтийн албаны форум”-ын үеэр НҮБ-ын “E-Government Survey” судалгааны хүрээнд бүрдүүлсэн дата мэдээлэлд үндэслэн 2022-2024 онд төрийн үйлчилгээг цахимжуулахад гаргасан ахиц дэвшлийг үнэлж, ийнхүү 12 улсад батламж гардуулсан байна.
ЦХИХХЯ-ны төлөөлөл “Нийтийн албаны форум 2025” форумын “Тогтвортой ирээдүйд чиглэсэн нийтийн албаны шинэчлэл” хэлэлцүүлэгт оролцож, өөрийн орны туршлага, бодлого, ололт амжилтаас хуваалцжээ. Дэлхийн 100 гаруй орны 400 гаруй төлөөлөгчийг нэгтгэсэн форум нь Тогтвортой хөгжлийн 2030 оны зорилгыг хангахад төрийн үйлчилгээний үр нөлөө, хүртээмжийг нэмэх шаардлага тулгамдаж буйг онцлохын зэрэгцээ цахим засаглал, инновац, өгөгдөлд суурилсан шийдэл, хиймэл оюуныг төрийн үйлчилгээний шинэчлэлд ашиглах чиг хандлагыг танилцуулж, олон улсын туршлага солилцох чухал индэр болжээ.