ОБЕГ-аас Дарви сумын хорио цээрийг цуцалсан байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬОнцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээр Говь-Алтай аймгийн Дарви суманд тогтоогоод байсан хорио цээрийн дэглэмийг өчигдөр цуцалсан байна.
Говь-Алтай аймгийн Дарви сумын Ихэс багийн Алтайн-Оргил гэдэг газар энэ сарын 2-нд малчин Б-ийн нэг хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд бог малын мялзан өвчин болох нь тогтоогдсон байна. Иймээс тус сумын Засаг дарга захирамж гарган хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан ч нэмж өвчлөл гараагүй учир хоригийг цуцалжээ. Мөн Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багийн Өлийн даваа гэдэг газар энэ сарын 7-нд малчин Н-ийн 18 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд хонины цэцэг өвчин болох нь тогтоогдсон тул хорио цээрийн дэглэм тогтоожээ. Голомтод тус сумын мал эмнэлэг үржлийн тасгийн 4 эмч, нэгтехник хэрэгсэлтэйгээр ажиллаж дөрвөн айлын нийт 367 өвчилсөн хонийг устгаад байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Ж.Батсайхан