Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн төв байгуулахад санал нэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-11-12 15:19:42

Монголын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн Анхдугаар чуулга уулзалт өчигдөр Пума зочид буудлын хурлын танхимд амжилттай боллоо. Уг чуулга уулзалтыг Монголын хэвлэлийн хүрээлэн, Монгол ТВ санаачлага гарган хамтран зохион байгуулав.

Анхны чуулга уулзалтад  Монголын телевизүүдийн холбоо, 25 ТВ, "Өнөөдөр", "Засгийн газрын мэдээ", сонин, МОНЦАМЭ агентлаг, "Ньюс", "Монгол ньюс", "ikon",  "GoGo" зэрэг мэдээллийн байгууллагууд дэмжиж, эрэн сурвалжлах сэтгүүлчийн төлөөлөл өргөнөөр оролцсон юм.

Өнгөрсөн зун Непал улсад болсон 100 гаруй орны 400 орчим сэтгүүлч цугласан эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын хуралд оролцоод ирсэн Монголын хэвлэлийн хүрээлэн, Монгол ТВ-ийн нөхөд маань дэлхийн анхаарал татсан асуудлыг ярилцсан сэтгүүлчдийн туршлагаас санаа авч энэхүү чуулга уулзалтыг хийхээр шийдсэн. Тэд олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн тулгамдсан асуудлууд, туршлага авахаар Өмнөд Солонгос, АНУ-ын туршлага, муу жишээ болохоор Орос, Гүрж, Кавказын улс орнуудын алдаа зэргийг үзэг нэгтнүүддээ дуулгалаа. Мөн эрэн сурвалжлах хэлэлцүүлэг, нийтлэл, асуудал дэвшүүлсэн сурвалжлага бэлтгэж, олны анхаарал татсан ч зарим дарамтад орж, шүүхэд нэг бус удаа дуудагдсан ч  шантралгүй ажиллаж амжилтад хүрч байгаа "Өглөөний сонин"-ы сэтгүүлч Р.Саруултөгс, "Өнөөдөр" сонины  сурвалжлагч Д.Оюун-Эрдэнэ, "Ийгл" ТВ-ийн сэтгүүлч У. Болортуяа, "Монгол" ТВ-ийн сэтгүүлч Э.Лхагва нар тулгардаг бэрхшээлээ ярьж, Монгол ТВ-ийн дарга Ж.Бат-Эрдэнэ, "Ньюс" агентлагийн эзэн Б.Тэмүүлэн, 25 ТВ-ийн захирал А. Энхзул, "Trends. mn"-ийн захирал Б.Болор-Эрдэнэ нар тулгамдсан асуудлын гарцыг яаж олох вэ? зэрэг мэтгэлцээн өрнүүлсэн юм. Монголын хэвлэлийн хүрээлэнгийн ажилтан Д. Мөнхчимэг "Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төв байгуулсан олон улсын туршлага"-аас ярьсан нь анхаарал татсан. Үг хэлсэн сэтгүүлчид, эзэд "Монгол улсад маань Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн төв байгуулах цаг болсон. Нийгмийн захиалга бүрдлээ. Олигархуудын эсрэг олуулаа нийлж тэмцье. Олон нийттэй хамтран үнэт мэдээллээ хуваалцаж манай нийгэмд бугшаад байгаа олон "нууцат арал"-ыг илчилье..." гэсэн саналд нэгдсэн юм. Дэлхийг шуугиулсан "Panama Papers-ийнхэн 100 гаруй орны 400 гаруй сэтгүүлчийн хүч нийлсэн мэдээллийн ачаар оффшор дансад нуусан мөнгийг илрүүлсэн жишиг болон БНСУ-ын "Ньюс Таб" эрэн сурвалжлах сэтгүүлчдийн багийн туршлагаар ажиллаж болохыг ч онцолсон. Ийнхүү Монголын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн анхдугаар чуулга уулзалтаас даруй "Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн төв" байгуулах шийдэлд санал нэгдэв.

Ж.Батсайхан

相关新闻