Т.Баасансүрэн: МОНЦАМЭ агентлаг гэрэл зургийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсад гэрэл зургийн алба үүсэж хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож байгаа буй. Ойн хүрээнд Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн гэрэл зургийн албанд ажиллаж байсан ахмад зүтгэлтнүүдийн ярилцлагыг цувралаар хүргэж байна.
Энэ удаа Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга асан, доктор, профессор Т.Баасансүрэнтэй ярилцлаа. Түүний хувьд гэрэл зургийн албаны үүслийг тодорхойлж, 1985 онд Улсын гэрэл зургийн газрын даргаар ажиллаж байхдаа гэрэл зургийн албаны 50 жилийн ойг тэмдэглэх ажлыг санаачлан, зохион байгуулсан юм.
-Монгол Улсад
гэрэл зургийн алба байгуулагдсаны 90 жилийн ойн баярын мэндийг танд хүргэе?
-Баярлалаа. Та
бүгдэд энэ баярын мэндийг хүргэе.
-Таны хувьд
гэрэл зургийн албаны үүслийг анх тодорхойлж, 50 жилийн ойг нь гардан зохион
байгуулсан хүн. Тухайн үеийн дурсамжаас хуваалцаад ярилцлагаа эхлүүлэх үү?
-Би очсон байгууллага,
газар орныхоо түүхийг судалж, бичиг цаас онгичих хоббитой, зантай хүн л дээ. Улсын
гэрэл зургийн газрын даргаар 1984 онд намайг томилсон юм. Л.Лантуу даргын захирамжаар
томилогдож, удалгүй Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнөөр орж баталгаажсан
байдаг. Ингээд Улсын гэрэл зургийн газрын талаар хүмүүсээс асуухад сайн
мэдэхгүй байсан. Тэгэхээр архивт хүн суулгаж, Гэрэл зургийн газрыг байгуулсан
тогтоолыг хайж олсон. Энэ тогтоолд 1935 оны аравдугаар сарын 11-ний Ардын сайд
нарын хурлаар Улсын гэрэл зургийн газрыг байгуулжээ. Мөн МОНЦАМЭ-гийнхаа
түүхийг ч судалж, хайж үзсэн юм. Түүх үзсэн чинь хагас жилийн дараа 50 жилийн
ой болох нь ээ. Үүнийг мэдсэн хүн байдаггүй. Хүн мэдэхгүй юм чинь яаж тогтоол,
шийдвэр гарах билээ. Ингээд ойг тэмдэглэхээр сэтгэл шулуудсан. Залуу ч байж,
зоригтой ч байж. Төв хорооны нарийн бичгийн дарга нар, Улс төрийн товчооны
гишүүдтэй бүгдтэй нь уулзсан. Уулзахдаа “Та нар намайг Улсын гэрэл зургийн
газрын ажлыг сайжруул гэж томилсон. Би сайжруулахын төлөө ажиллаж байна. Гэтэл энэ
байгууллага маань 50 жилийн түүхтэй аж. Ой нь удахгүй болно. Би хэдэн хүн шагнаж,
урамшуулмаар байна” гээд л хэлээд туучихсан.
-Дарга нар юу
гэх үү?
-Чи ажил сайжруулж байгаа, мэдэж байна гэсэн. Ингээд 50 жилийн ойгоо ч тэмдэглэсэн. Үзэсгэлэн чимэглэлийн газарт “Хөгжлийн толь” гэдэг нэртэй улсын хэмжээний том үзэсгэлэнг дэлгэсэн. Энэ бол хамгийн том үзэсгэлэн байлаа. Ю.Цэдэнбал дарга тэргүүтэй Улс төрийн товчооныхон бүгд үзсэн. Монголын хөгжлийн гэрэл зургаар харуулсан маш гоё үзэсгэлэн болсон юм. “Үнэн” сонины тэргүүн өгүүлэлд Улсын гэрэл зургийн газрын ажлыг сайшаан бичиж байв. 50 жилийн ойг тохиолдуулж гэрэл зургийн газрынхаа дөрвөн хүн тутмын нэгийг шагнуулж байлаа. Томоохон хэмжээний баярын хурал болж хүмүүсийн энгэрт хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, хөдөлмөрийн хүндэт медаль гялалзаж, жуух бичигтэй гэртээ харьж байсан юм даа. Улсын гэрэл зургийн газрын хамт олон өөрийн байгууллагын 50 жилийн ойн өмнө 1985 оны төлөвлөгөөг ханган биелүүлж, нийт ажилчдын 40 хувь нь VII таван жилийн гавшгайч болж, дөрвөн хүн тутмын нэг нь төр засгаас одон медалиар, Засгийн газрын жуух бичгээр шагнуулж байсан юм. Тэр үед Монголд гэрэл зурагт үүссэн түүхийг хүүрнэсэн жижигхэн товхимол гаргасан. Манай улсад гэрэл зураг үүсэж, хөгжсөн түүхийг үүгээр хардаг. Одоо олон хүн мэддэг болжээ. Олон ч ном гарч, зарим нь эрдмийн зэрэг хүртэл горилсон байна.
-Тэгвэл энэ
газар МОНЦАМЭ агентлагтай хэрхэн холбогдсон юм бэ?
-Эхлээд Соёлын яамны харьяа Улсын гэрэл зургийн газар гэж байсан. Улмаар 1974 онд МОНЦАМЭ-д төвлөрүүлсэн. Ингэснээр гэрэл зураг нь сэтгүүл зүйн бүтээл, уран бүтээл болж хөгжих эхлэл нь тавигдсан гэж судлаачийн хувьд үздэг юм. Маргаашаас 90 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний хурал болно. Миний бие тэр хуралд илтгэл тавихаар бэлтгэж байна. Өнгөрсөн зууны ерээд онд Монгол Улс хүнлэг ардчилсан нийгэмд шилжсэнээр гадаад харилцаа нь улам өргөжиж Монголын талаарх гэрэл зургийн мэдээллийг МОНЦАМЭ агентлаг дэлхий нийтэд улам өргөн дэлгэр далайцтайгаар тасралтгүй цацах болсон юм. Ази, Номхон далайн улс орнуудын мэдээллийн агентлагуудыг эгнээндээ нэгтгэсэн OAHA-д МОНЦАМЭ агентлаг өдөр тутам гэрэл зургуудын болон дүрст мэдээллийг нийлүүлж эхэлснээр Монголын талаарх сурталчилгаа дэлхийн бүх улс оронд түгээмэл хүрдэг болсон. Зөвхан АНУ-д гэхэд МОНЦАМЭ агентлагийн тэдгээр мэдээ мэдээлэлийн 60-аад хувийг ашигладаг гэсэн статистик бий.
-Ямар сэдвээр
илтгэл тавих вэ?
-“Монголын гэрэл
зургийн алба үүсэж, сэтгүүл зүйн хүчирхэг хүчин зүйл, бие даасан урлаг болж
хөгжиж төлөвшсөн нь” гэдэг сэдэвтэй. Судлаач хүний хувьд өнгөрсөн хугацаанд
гэрэл зурагтай холбоотой багагүй баримт цуглуулж, эмхэтгэлээ. Монголд гэрэл
зураг хэрхэн хөгжсөн нь өөрөө их түүхтэй шүү дээ. Ардын хувьсгалын анхны
жилүүдэд нийслэл Хүрээнд хятад худалдаачид, Германы хувийн пүүсүүд ажиллаж,
голцуу хүмүүсийн хөрөг зураг авч чамгүй өндөр үнээр борлуулдаг байжээ. Энэ үед
В.Бадам, Судар бичгийн хүрээлэнгийн гэрэл зурагчин Б.Чойжинням нарын зэрэг цөөн
тооны монгол хүн зураг авч байсан юм билээ. Гадаадын эрдэмтэд, судлаачид,
жуулчид тэр үеийн Монгол орны нүүр царай, ард түмний аж амьдралыг гэрэл зурагт
буулгаж үлдээсэн байна. 1921 оны ардын
хувьсгалын дараагаар эрх баригч нам, засгаас ардын хувьсгалын үйл хэрэг,
шинэ нийгмийн бүтээн байгуулалтыг гэрэл зурагт буулган үлдээх асуудлыг онцгой
ач холбогдолтойд үзэж байв. Үүний тод жишээ бол 1930 оны дундуур БНМАУ-ын
засгийн газраас ЗХУ-ын засгийн газарт хандаж үндэсний кино, гэрэл зургийн албыг
үүсгэн байгуулахад ах дүү ёсны гүн туслалцаа үзүүлэхийг хүссэн явдал юм. Манай
хүсэлтийн дагуу зөвлөлтийн кино-хроникийн Москвагийн студийн оператор
С.Е.Гусевийг Улаанбаатар хот руу илгээжээ. Улмаар Ардын Сайд нарын Зөвлөлийн 1925
оны аравдугаар сарын 11-ний өдрийн хурлаар Монгол кино, зургийн газрыг
байгуулах асуудлыг тусгайлан авч хэлэлцжээ. Ардын гэгээрүүлэх Яамны сайдын
илтгэлийг Сайд нарын Зөвлөлд сонсоод гаргасан 32 дугаар тогтоолын 1-р зүйлд
“Тус улсын үндэсний байдлыг үзүүлэн гаргаж байх кино зургийн үйлдвэрийг аль
болохоор сурталчилгаатайгаар үүсгэн байгуулж, цаашид тус улсын кино зургийн
хорооноос Кино зургийг хөлсөөр байгуулах ба мөн кино зураг үйлдвэрлэх эл хоёр
зүйлийн ажлыг хослуулан гүйцэтгэх газар болговоос зохино” хэмээн заасан байна. Ингэж манай улсад Гэрэл зургийн газар нь Кино
үйлдвэртэй нэгэн зэрэг байгуулагджээ.
-Таныг МОНЦАМЭ
агентлагийн 105 жилийн ойд зориулж ном гаргах гэж байгаа тухай сонслоо. Энэ шинэ
соргог мэдээллээ хуваалцаж болох уу?
-Гэрэл зургийг Монголд урлаг болгон хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 105 жилийн ой он гараад болох юм. Ингээд хоёр том үйл ажиллагаад биечлэн оролцож, олон сайхан үзэсгэлэн гаргана. МОНЦАМЭ-гийн 100 жилээр “Монголын шилдэг нийтлэл”-ийн хоёр боть гарсан.
Одоо МОНЦАМЭ агентлагийн 100, гэрэл зургийн 90 жилд зориулж “Шилдэг нийтлэл” ботийг дан МОНЦАМЭ-гийн гэрэл зурагчдын уран бүтээлээр гаргахаар бэлтгэж байна.
Гэрэл зургийг МРТУХ-нд буюу МОНЦАМЭ
агентлагийн мэдэлд төвлөрүүлж ажиллуулахаар шийдвэрлэсэн нь Монголд гэрэл
зургийн сурталчилгаа чанарын шинэ түвшинд гарах боломжийг бий болгож манай
сэтгүүл зүйн цаашдын хөгжилд хүчтэй түлхэц үзүүлсэн юм шүү дээ. Улсын гэрэл
зургийн газар өөрийн орны хөдөлмөрчид, албан байгууллагуудын хэрэгцээг хангах
зорилгоор хэвлэлийн захиалгын дагуу “БНМАУ-д”, “Ах дүү ЗХУ-д” гэрэл зургийн
сонинг тус газраас тогтмол сар бүр гаргаж байсны зэрэгцээ социалист орнуудын
мэдээллийн агентлагуудад жилд дунджаар өөрийн эх орныг сурталчилсан 3000-4000
зургийг илгээж, төвийн сонин, хэвлэлүүдийг гэрэл зургаар хангаж байлаа. Зөвхөн
VII таван жилд Улсын гэрэл зургийн газраас улс ардын аж ахуй, соёлын ололт
амжилт болон нам засгийн бодлого шийдвэрийг сурталчилсан 100 гаруй сэдэвчилсэн
самбарыг олон мянган хувиар бэлтгэн тарааж, гадаад, дотоодод гэрэл зургийн 70
шахам үзэсгэлэнг гаргасан байдаг юм. Ингээд бодохоор МОНЦАМЭ, гэрэл зургийн
салбарын хөгжил хоёр салшгүй холбоотой байгаа биз.
-Өнөөдөр фото
сэтгүүл зүй бие даасан салбарт болтлоо өргөжжээ. Судлаач хүний хувьд өнөөгийн
хөгжлийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Аж ахуйн
тооцоотой ажилладаг хоёр байгууллага байсны нэг нь Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ
агентлагийн харьяа Улсын гэрэл зургийн газар юм. Тухайн үед бид орлогоороо
зарлагаа нөхдөг байлаа. 60 орчим хүнтэй том байгууллага байсан. Нөгөөх нь “Телевизийн
кино үйлдвэр”. Энэ байгууллага байхгүй болсон. 1990-ээд онд Улсын гэрэл зургийн
газар ч байхгүй болсон. Гэхдээ МОНЦАМЭ агентлаг энэ газрыг редакцын хэмжээнд
авч үлдсэн. 90 жилийн хугацаанд олон хүний фото цомог, үзэсгэлэн, тайлан олны
хүртээл болжээ. Энэ нь гэрэл зураг сэтгүүл зүйн чиглэлд багтах замналыг тавьсан
юм. Хөгжил мэдээж өнөөдөр дэндүү сайхан байна. 80, 90-ээд оны хөгжлийг шинэ мянгантай яаж зүйрлэх билээ. Гэрэл зургийн салбарт сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа орчин
үеийн залуусын техник хэрэгсэл, ур чадвар дээд зэргээр сайжирсанд би хувьдаа
баяртай байдаг юм. XX-XXI зууны шинжлэх ухаан, техникийн хувьсгалын хүчтэй
хөгжил нь сэтгүүл зүй, нэн ялангуяа телевизийн салбар, цахим сэтгүүл зүйд
хүчтэй нөлөө үзүүлж гэрэл зураг хүн төрөлхтөн, түүний дотор монгол түмний өдөр
тутмын үйл амьдралын хэрэгцээ сонирхол болж хөгжлийн цоо шинэ шатанд гарсан;
/теле сувгийн мэдээ мэдээлэлд гэрэл зургийг баримт болгож ашиглах, хүн бүр гар
утсаар гэрэл зураг авах нь бүх нийтийн хөдөлгөөн болж хувирчээ. 1993 онд анх
үүссэн Монголын гэрэл зурагчдын нийгэмлэг 2005 онд буюу Монголд гэрэл зургийн
алба үүсч хөгжсөн түүхт 75 жилийн ойгоор Монголын гэрэл зурагчдын нэгдсэн
холбоо болж үйл ажиллагаа, зохион байгуулалтын хувьд улам бэхжиж хөгжсөн, 2006
онд анхдугаар их хурлаа хуралдуулж үйл ажиллагааны зорилго зорилтоо тодорхойлж
тууштай ажиллаж эхэлсэн юм.
-Таны
эхлүүлсэн ажил өнөөдөр 90 жилээр үргэлжилж байна. Тиймээс энэ салбарынханд
мэндчилгээ дэвшүүлж, ерөөлийн үгээ хайрлана уу?
-Нэн тэргүүнд уран бүтээлийн амжилт хүсье. Монголын үе үеийн гэрэл зурагчид дандаа уран бүтээл туурвиж ирсэн. Богдын Засгийн үеийн В.Бадамаас эхлээд... Шинжлэх ухааны судар бичгийн хүрээлэн, “Үнэн” сонин, манай МОНЦАМЭ-гийнхан байна. Гэрэл зургийн урлагийг хөгжүүлэхэд бүгд үнэтэй хувь нэмэр оруулсан. Энэ улсуудын буянаар Монголын гэрэл зураг бие даасан урлаг, сэтгүүл зүйн нэг төрөл салбар болтлоо хөгжсөн нь баяртай сайхан үйл явдал юм.