Цагдаагийн алба хаагчид “Аравт”-аар ажиллах дадлага хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-11-15 14:55:42

ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалтын нэгдүгээр газрын Тусгай хамгаалалтын хэлтсийн нэрэмжит “Аравтаар ажиллах-тусгай бэлтгэл” сургалт дадлагын тэмцээн өнгөрөгч баасан гарагт Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн бэлтгэлийн талбайд болсон байна.

 Хамгаалалтын нэгдүгээр газрын Тусгай хамгаалалтын газрын дарга, дэд хурандаа Б.Галбаатар далагыг нээж хэлэхдээ  “Цагдаагийн алба хаагчдад заавал байх ёстой мэдлэг, чадварыг аравт буюу багаар ажиллах тактикаар шалгаж, цаг хугацаа, нормативын дагуу биелүүлүүлж байгаа нь ач холбогдолтой. Олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үед “Аравт” хариуцсан офицерийн зааврын дагуу нэг хүн мэт, нэг баг болж ажиллах ёстой байдаг. Цаашлаад 20-т, 100-т, 200-т болж үүрэг гүйцэтгэдэг. Тэгэхээр энэ тэмцээн алба хаагчдын хамтын ажиллагаа, хариуцсан офицерийн зохион байгуулалтыг харуулна” гэдгийг онцолжээ. “Аравтаар ажиллах-тусгай бэлтгэл” сургалт дадлагын тэмцээнд Хамгаалалтын нэгдүгээр газрын таван хэлтсийн 10 баг оролцож  олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн үед аравтаар ажиллах тактик, саадтай зурвасыг туулах, хорт утаанаас хүн аврах, шархдсан иргэнийг тээвэрлэлт хийн хүргэх гэсэн таван даалгаврыг гүйцэтгэсэн байна. “Тэмцээнд оролцогчдын дундаж хурд 26 минут байна” гэсэн үнэлгээг шүүгчид өгчээ. Албан хаагчдын албаны бэлэн байдал, бие бялдарын бэлтгэлжилт, үүрэг гүйцэтгэх ур чадвар, тусгай бэлтгэлийг шалгасан тус тэмцээнд цагдаагийн хошууч Н.Олонбаяр даргатай тусгай хамгаалалтын хэлтсийн Дөрөвдүгээр тасгийн алба хаагчид 3 дугаар байр, цагдаагийн хошууч Ж.Алтангэрэл даргатай Төрийн хамгаалалтын хэлтсийн алба хаагчид 2 дугаар байр, цагдаагийн хошууч Р.Ганчулуун даргатай Тусгай хамгаалалтын хэлтсийн Тавдугаар тасгийн алба хаагчид тэргүүн байрт шалгарлаа гэж  ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээлэв.

Ж.Батсайхан

 

相关新闻