Их хэмжээний монгол төгрөг хил давуулахыг завджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬТөмөр зам дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагчид Монгол Улсын мөнгөн дэвсгэртүүд болон их хэмжээний хөлдөөсөн мах хил давуулахыг завдсан хэргийг илрүүлэн шалгаж байна.
Улаанбаатар хотын харьяат С, Б нар нь 12 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар-Хөх хот чиглэлийн олон улсын суудлын галт тэрэгний 6, 7, 8, 9 дүгээр купены агааржуулалтын хоолойд үхэр, хонины 75 кг хөлдөөсөн мах, Монгол Улсын мөнгөн тэмдэгт 890 мянган төгрөгийн 100, 50, 20, 10-тын дэвсгэртүүдийг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ. Гэмт этгээдүүд нь мөнгөн дэвсгэртүүдийг хайрцаглаж, цүнхэлсэн хөлдөөсөн махан дотроо хийж, хил давуулахаар зэхсэн байв. Тэд энэ үйлдлээ "Хүний дамжуулсан эд зүйлийг авч явсан" гэж мэдүүлжээ. Эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан иргэн С, Б нарт Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд уг заалт нь ... хэргийг давтан буюу бүлэглэж, эсхүл албан тушаалын байдлыг ашиглаж үйлдсэн, түүнчлэн түүх соёлын дурсгалт зүйл, музейн үзмэр, эртний амьтны болон ургамлын өвөрмөц ховор үнэт олдвор, археологийн ба палентологийн олдвор, эд өлгийн зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2-5 таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Ж.Батсайхан