"Сайншанд цогцолбор"-оос мөнгө угаасан гэх хэргийг прокурорт шилжүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-12-16 14:31:32

"Сайншанд цогцолбор"-ын санхүүжилтээс онц их хэмжээний мөнгө завшсан гэх хэргийг цагдаагийн байгуулагаас шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн байна.

Уг хэрэгт “Түмэн хишигтэн” компанийн захирал Ш.Эрдэнэтуяа “Натур френдли” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Буяндэлгэр нарыг холбогдуулан шалгасан юм. Тодруулбал, 2012 оны аравдугаар сард “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ХХК-нийг байгуулан, ТУЗ-ын даргаар тухайн үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны сайдын зөвлөхөөр ажиллаж байсан “Либерти Партнерс” ХХК-ний захирал Ч.Ганбатыг томилсон байдаг. Харин 2013 онд аж үйлдвэрийн цогцолборын байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, суурьшлийн бүсийн хэсэгчилсэн төлөвлөгөө, зөвлөх үйлчилгээнд 14 тэрбум 170 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Ингээд ажлын үүрэг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороог байгуулж, даргаар Хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Баянмөнх, нарийн бичгийн даргаар стратеги бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Г.Түвшинжаргалыг томилжээ.  Г.Түвшинжаргалыг Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар онц их хэмжээний хөрөнгө залилан мэхэлсэн, 166.1-т зааснаар мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр бас шалгасан. Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийх ажлын даалгаварт заагдсан газрын хэмжээг 32000 га орчим байсаныг 3516,7 га талбай болгон бууруулахдаа үнийг хэвээр үлдээж, талбайн хэмжээг багасгах аргаар болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх ажлын хамт гүйцэтгэсэн гэх хуурамч гүйцэтгэлийн материал бүрдүүлэн залилан мэхэлж улсад онц их хэмжээний хохирол учруулан, мөнгө угаасан байж болзошгүй гэж үзэн цагдаагийн байгууллагаас  эдгээр нөхдийг шалгаж дуусаад уг хэргийг ийнхүү прокурорт шилжүүлжээ. 

Ж.Батсайхан

相关新闻