Согтууруулах ундаа хэрэглэсэн 53 жолоочийг саатуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЗамын цагдаагийн алба (ЗЦА)-ны бие бүрэлдэхүүн энэ сарын 28-нд гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 53 жолоочийг илрүүлэн саатуулж, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.
Энэ өдөр Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 531 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 448 дуудлага бүртгэгдсэн байна. Ослын улмаас насанд хүрсэн зургаан иргэн, хоёр хүүхэд гэмтжээ.
Тухайлбал, Баянгол дүүргийн Онцгой байдлын газрын ШТС-ын зүүн замд Санта Фе маркийн авто машины жолооч Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хашлага мөргөжээ. Үүний улмаас жолооч өөрөө хүнд гэмтэл авсан байна.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсноор иргэд осол гаргаж өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндэд эрсдэл учруулдаг. Тиймээс иргэдийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг ЗЦА-наас анхааруулав.
Ч.Ариунболд